“Инээмсэглэл” цэл залуухнаараа

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

“Инээмсэглэл” цэл залуухнаараа

 “Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд”, “Зүрхний үг”, “Алтан хавчаар”. Эд бол өдгөөг хүртэл бидний сэтгэлд уяатай эгшиглэдэг мөнхийн хит дуунууд. Дал, наяад оны залуусын хөл нийлүүлэн бүжиж, хоолой нийлүүлэн дуулдаг байсан эдгээр дууг “Инээмсэглэл” хамтлаг анх амилуулж байсан. Өчигдөр Соёлын төв өргөөний алтан тайзнаа “Инээмсэглэл” хамтлагийн тоглолт боллоо.
Дуулсан дуу бүр нь олны таашаалд нийцэж, 30 гаруй жил шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд хоногшсон гээд бодоход Монголын эстрад урлагийн нэгэн домог, салшгүй түүх нь энэ хамтлаг билээ. 20 гаруй жил уран бүтээлээ завсарласан “Инээмсэглэл”-ийнхэн саяхан анхны цомог, анхны клипээ гаргасан. Хэзээний танил намуун хоолой, хөнгөн хэмнэлтэй эргэн учруулж, зарим хүний залуу нас, дурсамжийг сэдрээн санаа алдуулсан энэ сайхан үдшийг зохион байгуулах санааг “Төгөлдөр” сангийн үүсгэн байгуулагч, ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяа гаргаж, хамтлагийн продюсерээр ажилласан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын төв өргөөнд “Инээмсэглэл” хамтлаг түүхт 35 жилийн ойн баяраа үзэгч фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Уг тоглолт “Инээмсэглэл” хамтлагийн үнэнч сонсогчид болоод уран бүтээлчдийн дунд үнэхээр халуун дулаан, инээд хөөр, дуу хуураар цалгисан гайхалтай үдэш болж өнгөрсөн юм. Тэд хэзээнээсээ уран бүтээлийн төлөө “шатаж” явснаас биш, тооны хойноос хөөцөлдөж байгаагүй. Тиймээс том тоглолтын танхим, олон үзэгч, арвин орлого хүсээгүй.
Харин үзэгчидтэйгээ халуун дотно харилцаа бий болгож, амьд мэдрэмж төрүүлэн, хөгжмийн “халуун” аялгууг хүргэхийг зорьсон аж. “Инээмсэглэл” хамтлагийн зарим гишүүд өдийг хүртэл урлагтаа үнэнч хүчин зүтгэж яваа. Харин урлагаасаа удаан хугацаанд хөндийрөөд байсан гишүүд “хуучны эд” шиг чанар зааж, хэсэгхэн зуурын бэлтгэлд формондоо орчихсон дуулж байсан шүү. Ингээд “Инээмсэглэл” хамтлаг тус хамтлагийн ахлагч дуучин Ч.Ганболд, дуучин, гитарчин Б.Долгион, дуучин Р.Оюундэлгэр, гитарчин Б.Батчимэг, даралтат хөгжимчин Г.Пүрэвдорж, гитарчин, дуучин Д.Цогдэлгэр, Дуучин Н.Ганхуяг бүрэлдэхүүнтэй тоглолтоо үзэгч фенүүддээ хүргэлээ. Мөн урилгаар тус хамтлагийн гишүүн асан Б.Бадар-Ууган агсны хүү Б.Наранзун оролцож, аавынхаа хоёр дууг дуулж, үзэгчдэд сюрприз барилаа. Тэртээ 30 жилийн өмнө зохиогдон 20 жил завсарласан тус хамтлагийн дуунууд гал халуухан байлаа.
Одоог хүртэл дуулагдсаар ирсэн олон арван хит дуунуудын эздийн энэ сайхан үдэшт улс төр, урлагийн одод Танхимын дарга эдийн засагч С.Дэмбэрэл, улстөрч Х.Хулан, зууны манлай дуучин Б.Сарантуяа, топмодель Э.Одгэрэл, мисс Ч.Мичидмаа гээд үе, үеийн фенүүд нь хуран цугласан байлаа. Тус хамтлагийн фенүүд гэхээр бидний аав ээж дал, наяад оны сонсогчид гэж эндүүрэх хэрэггүй, хамтлагтай чацуу байтугай хорь гарч яваа залуус ч дуунуудыг нь даган дуулж байлаа. Магадгүй тэд эдгээр дуунуудыг “Инээмсэглэл” хамтлагийн уран бүтээл ч гэж мэдээгүй байх. Тус хамтлагийн олон сайхан дууг “Хөөрхөн Бурмаа”, “Улаанбаатарын үдэш”, “Зүрхний үг” гээд дуунуудыг залуу хамтлагууд сэргээн дуулсныг залуус одоо ч сонсооор л…
“Инээмсэглэл”-ийн сайхан ах нар яг л хэвээрээ. Цаг хугацаа тэднийг гундаасангүй. Ёслолын франк, эрвээхэй зангиа тэдний имиж. Тоглолтонд вокал хийсэн “Киви”-гийн охидоос бүжиг хөдөлгөөнөөрөө дутаад байхааргүй харагдаж чадсан “Инээмсэглэл”-ийнхэн залуухан хэвээрээ үлджээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж