Д.Эрдэнэбат: Оюутны тэтгэлгийг ялгавартай олгох ёстой

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Оюутны тэтгэлгийг ялгавартай олгох ёстой

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, их, дээд сургуулийн оюутнуудад Үндэсний тэтгэлэг олгох эсэх буюу Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг  хэлэлцсэн. Үүний хүрээнд оюутнуудад 70 мянган төгрөг өгөх эсэх нь байнгын хорооны гишүүдийн дунд маргаан дагуулсан. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг буюу 70 мянган төгрөгийг оюутан бүрт өгөх биш, сурлага, сургуулийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх шаардлагатай гэдгийг гишүүд онцолж байлаа.

Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Мөнгө ярихаар халамж  руу ороод байх юм. Би хувьдаа мөнгийг хариуцлагын хөшүүрэг гэж хардаг. Гэтэл өнөөдөр оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудал орж ирж байхад зөвхөн Сангийн яам байх жишээний. БШУ-ны яаманд огт хамаагүй зүйл шиг байж байна. Ингэж болохгүй. Нийгмийн баталгааны цаана мэдлэгийн баталгааг өгч байгаа эсэхийг холбож ярих хэрэгтэй. Хамгийн гол нь олгож байгаа мөнгө оюутны хариуцлага, тухайн дээд сургуулийн сургалтын чанар стандартыг хангахад  үүргээ гүйцэтгэж байна уу гэдэг чухал. Энэ мөнгө оюутнуудын сурлагын чанар мэдлэгийн төвшнийг харьцуулсан уялдаанд ямар нэг үүрэг гүйцгэх шаардлагатай. Цаашид энэ нь зөвхөн нийгмийн баталгаа болох, эсвэл мэдлэгийн баталгаа болох замын алийг нь сонгох вэ. Үүнд хариулт хэрэгтэй. Нийгмийн амьдралд тус болсон нь үнэн ч гэлээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ямар нэгэн түлхэц болсон уу, гэсэн асуултад Хууль санаачлагч “Үндэсний тэтгэлэг олгосноор мэдлэгийн баталгаа болж чадаж байгаа эсэх талаар ярихаар үнэлгээний систем рүү эргэж харах  шаардлагатай болж байгаа юм. Их дээд сургуулийн оюутнууд дүнгийн төлөө өрсөлддөг. Тэгэхээр кредитын систем рүү шилжүүлэх шаардлагатай байна. Ингэж чадвал үнэхээр мэдлэгийн баталгаа болж чадна” гэдгийг тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Оюутны тэтгэлэгийн мөнгө байгаа олох ёстой. Үнэхээр мэдлэг чадвар өндөр, сурлага сайтай оюутнууд нь 90 мянган төгрөгөөс илүүг ч авсан болно. Муу сурдаг, хариуцлагагүй, идэвхигүй оюутнуудад энэ мөнгө очих ёсгүй. Нийгмийн шударга хуваарьлалт байх ёстой. Дээд сургууль гэхээр л төр хувийн гээд ангилж тэгж боломж олгодог зарчим буруу.  Хамгийн гол  номын сангүй,  лабораторгүй биеийн тамирын заал байхгүй наад захын стандарт хангаагүй, түрээсийн байртай, түрээсийн багштай сургалт явуулдаг их дээд сургуулиудад энэ тэтгэлэг очих ёсгүй.  Би энэ зарчмыг хатуу баримтлана гэж бодож байгаа. Сарын дундаж цалин нэмэгдсэнээр хязгаарлагдаад явдаг асуудал биш. Тиймээс тухайн дээд сургуулийн сургалт явуулах стандарт хангасан байдлаар нь ямар мөнгө олгох ёстойг тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт сурч чадаж байгаа нь ахиухан тэтгэлэг, мөнгөн урамшуулал авдаг, чаддаггүй нь авдаггүй энэ системийг Засгийн газрын журмаар зохицуулдаг  асуудлыг хуульд тусгах шаардлагатай байна. Хуулийн төсөл боловсруулагчид энэ заалтуудаа эргэж нэг харахыг хүсч байна. Ийм социалист маягийн зүйл хийж болохгүй. Хуулийн төсөл  энэ хэвээр үргэлжилбэл би эсрэг санал өгнө. Дээрх  өөрчлөлтүүдийг тусгаад, хуулийн төслөө эргэж нэг хараад оруулж ирэх юм бол дэмжинэ” гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хуулийн төсөл санаачлагчид гишүүдийн хэлж байгаа саналуудыг анхаарах хэрэгтэй. Багануурт оюутны хотхон барина гэж яриад арван жил боллоо. Тэр мөнгө энд явж байж болзошгүй. Бид Их, дээд сургуулиудын тоог бага болгоё гэж ярьдаг хэр нь хавтгайруулсан тэтгэлэг олгох нь оюутны тоогоо нэмэх, мөнгө олох хөшүүрэг болж байна.  Гэтэл энэ мөнгө нь татвар төлөгчдийн хөдөлмөрлөж олсон мөнгө. Харин оюутнуудад бол хэрэгтэй байгаа. Тиймээс хэрэгтэй зүйлийнхээ төлөө оюутнууд хөдөлмөрлөдөг болох хэрэгтэй гэж хэлж буй гишүүдийн саналыг анхаарах хэрэгтэй. Сургалтын байгууллагуудын чанарын стандартыг харгалздаг байдалд өөрчлөлт оруулах хэрэгтэй.  Хэн сайн хөдөлмөрлөсөн сурсанд нь илүү мөнгө олгох нь зөв. Эдгээр өөрчлөлтийг хийгээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэлээ.

Байнгын хорооны гишүүд саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг зөвшөөрсөн ч ажлын хэсгийхэнд УИХ-ын гишүүдийн саналагы харгалзан үзэхийг санууллаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж