Эмч нарын дунд нууц санал хураалт явуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Эмч нарын дунд нууц санал хураалт явуулна

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдын зөвлөл өнөөдөр ГССҮТ-д хуралдаж байна. Хурлын үеэр ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, ажлаас халагдах өргөдөл өгсөн эмч нартай зөвлөлийн гишүүд уулзаж, тэдний хүсэлт, шаардлага, тайлбарыг сонссон юм. Ингээд сайдын зөвлөлийн хурал дөнгөж сая түр завсарлаж, ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулах болсныг дуулгалаа. Сайдын зөвлөлийн гишүүд ГССҮТ-д үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхдээ, хэсэг бүлэг хүмүүсийн явуулга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү эмч, ажилтнуудын саналыг нэг бүрчлэн авахаар шийджээ. Тодруулбал, ГССҮТ-ийн даргын томилгоог эсэргүүцэж, яаралтай цуцлахыг шаардаж буй нь бодитой эсэх, үнэхээр тийм шаардлага байгаа эсэхийг, эсвэл хэн нэгний зохион байгуулж буй явуулга, турхиралт байгаа эсэхийг тодруулахаар болсон байна. Ингэхдээ Ц.Энхбаярыг томилгоог дэмжиж байгаа, үгүй эсэхээр эмч, ажилтнууд саналаа өгөх ажээ.

Одоо ГССҮТ-ийн 250 гаруй эмч, ажилтан нууц санал хураалтад оролцохоор танхимд цуглацгааж байна. Тэдний хувьд санал хураалтыг ил тодоор явуулах хүсэлт гаргасан ч зөвлөлийн гишүүд нууцаар явуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ГССҮТ-ийн удирдлага болон эмч нарын төлөөллөөс тус тус хоёр хүн саналыг тоолж, асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

Санал хураалтын дүнг эцэслэсний дараа Эрүүл мэндийн яамнаас 19.00 цагт мэдээлэл хийхээр болсон байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж