Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Мөн Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн төслөөр хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэх юм байна. Хөрөнгө оруулалтийн нийт хэмжээ 320 сая ам.доллар бөгөөд эхний үе шат 2017 онд дуусна гэлээ. 2014 оны төсвийн төсөлд аймгуудын төвийг хөгжүүлэхээр 100 сая төгрөг төсөвслөгдсөн, зээл нь өрийн дарамт учруулахгүй Улаанбаатар хот өөрөө хариуцах юм байна. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зөвшилцөхийг дэмжсэнээр УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Эл асуудлыг үдээс өмнө хуралдсан Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж,  санал дүгнэлтээ  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж