Ядуурал 11 нэгжээр буурсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Ядуурал 11 нэгжээр буурсан гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  байнгын хорооны Мянганы хөгжлийн зорилтуудын болон ядуурлыг бууруулах асуудлын  дэд хороо  өнөөдөр хуралдлаа.  Хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь  илтгэлийг хэлэлцсэн юм.

Илтгэлд дурдсанаар Монгол Улсад ядуурлын төвшин 2010 онд 38.7 хувь байсан бол 2012 онд 27.41 хувь болж 11 нэгжээр буурсан байна. Гэхдээ эдийн засаг хурдацтай өсч буй манай улсын хувьд ядуурлын төвшин өндөр хэвээр байгааг  дурдлаа. Тухайлбал, эрүүл мэнд, бусад суурь үйлчилгээний хүртээмж хангалтгүй, байгалийн гамшигт өртөмтгий, ажил эрхлэх боломж хомс,  бүс нутгийн хөгжлийн төвшин ялгаатай,  олгож буй боловсрол хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй  нийцэхгүй зэрэг нь ядуурал буурахгүй байгаагийн гол шалтгаан юм байна.

НҮБ-ын 2000 онд болсон дээд хэмжээний чуулга уулзалтаар дэлхийн 189 орны төрийн тэргүүн "Мянганы тунхаглал" баримт бичгийг гаргасан. Баримт бичигт 2015 он хүртэлх хугацаанд ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны тогтвортой байдал, аюулгүй байдал, хүний эрх, ардчилал, сайн засаглал гэсэн тулгуур асуудлуудыг дэвшүүлжээ. Монгол Улсын Засгийн газар Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний илтгэлийн төсөл, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн тайланг  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж байгаа аж.  Засгийн газар энэ сарын 4-ний өдөр хэрэгжилтийн явцын талаарх  Үндэсний тав дахь илтгэлийн төслийг  ирүүлсэн байна. Ингээд хуульд заасны дагуу дэд  хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Тав дахь илтгэлд дурдагдсан нэмэлт арга хэмжээ авч хэрэгжих боломжтой зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах, ядуурал буурахгүй байгаа бодит шалтгаан, үр дүнд дүн шинжилгээ хийж  хөтөлбөр, стратеги боловсруулах, 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтыг тодорхойлох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах зэргийг Засгийн газарт үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар боллоо.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж