Ченжүүд валютын ханшид нөлөөлдөггүй гэв | News.MN

Ченжүүд валютын ханшид нөлөөлдөггүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Ченжүүд валютын ханшид нөлөөлдөггүй гэв

Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны албаныхан өнөөдөр валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш санхүүгийн салбарт оролцох байгууллага, иргэд олширч, тэр дундаа валютын ханшийн арилжаанд ченжүүд нэвтэрч эхэлсэн. Зах зээл хэт хуваагдмал байдалд орсноос ханшийн хэлбэлзэлд ченжүүдийн оролцоо их байгааг шүүмжилдэг. Өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1780-д хүрсэн нь олон зүйлээс шалтгаалсан болохыг албаныхан тайлбарлаж байсан бол ханш түүнээс хойш буусан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар ам.доллар зарах ханш 1726 төгрөг боллоо.

Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос өнөөдөр ийнхүү ханшийн хэлбэлзэлд ченжүүдийн нөлөөлөл байхгүйг онцлоод, банкны нэрлэсэн үнийг л дагадаг тухай хэлсэн юм. Тодруулбал, одоогийн байдлаар зөвхөн валютын арилжаа хийхээр 39 банк бус санхүүгийн байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийт гүйлгээний гурван хувийг бүрдүүлдэг байна. Ингэхдээ валютынхаа нэрлэсэн ханшийг арилжааны банкны ханштай уялдуулдаг гэлээ. Тиймээс валютын ханшийн савалгаанд банк бус санхүүгийн байгууллага, ченжүүд голлон нөлөөлж байна гэдгийг үгүйсгээд, зах зээлийн цар хүрээний хувьд нөлөөлөх чадваргүй гэдгийг ББСБ-уудын холбооны Ерөнхийлөгч А.Алтансүх онцолсон юм. Харин гадуур хувь хүмүүс валютын арилжаа хийж буй нь банк бус санхүүгийн байгууллагатай хамааралгүй бөгөөд ББСБ үйл ажиллагаа явуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан байдаг ажээ. Түүнчлэн хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тайлангаа тогтмол өгч, татвараа төлдөг байна.

ББСБ нь өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж, иргэдэд үйлчилдэг ба валют арилжааны тухайд, банк валютаа гаргахгүй байх үе буюу валют ховордсон байхад ч ажилласаар байдаг гэнэ. Нэг жишээ нь, өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр валютын ханш огцом өсөхөд арилжааны банкууд валют зарахгүй болоход банк бус санхүүгийн байгууллагууд л ажиллаж байсан гэдгийг холбооныхон хэлж байна лээ.

Гэсэн хэдий боловч ханшийн хэлбэлзэлд ченжүүд хоорондоо үгсэн тохиролцож, хав дарах, гэнэт “цацдаг” байдал нь нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй. Валют авах гэсэн иргэдийн дийлэнх нь урд хөрш рүү наймаанд явдаг хүмүүс байдаг бөгөөд арилжааны банкинд валютыг арай өндөр үнээр зарж, хямдаар худалдан авах гээд байдаг талтай. Тиймээс иргэд, наймаачдын хувьд ченжүүдийг сонгон харилцах нь илүүтэй. Гэтэл нөгөө талаас хуурамч мөнгөн дэвсгэртийн худалдаа ихсэх болсон. “Гар дээрээс” валют авах нь угийн л аз сорьсон зүйл учраас валют авах, зарахдаа тусгай зөвшөөрөл авсан газруудтай хийх, арилжаа хийсэн баримт зэргээ авч байх нь иргэдээс шалтгаалах ганц зүйл юм даа.

У.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-30 202.179.24.204

ВАЛЬЮТЫН ХАНШНЫ ӨСӨЛТӨД ЭД НӨЛӨӨГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. ИНГЭЖ БҮҮ ХУДЛАА ЯРИАСАЙ. 1-РХ НЬ БИШ БАЙЖ МАГАД. ХАМГИЙН ИХ ШУУГИАН ХОВ ТАРААЖ ХАНШ ӨСГӨДӨГ. ХООРОНДОО ҮГСЭН ХУЙВАЛДДАГ. ЖИЛД МОНГОЛООС ГАДАГШАА ДАВХАРДСАН ТООГООР 1 САЯ ХҮН ЯВЖ БАЙГАА БОЛОВ УУ? ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН БАРАГ 80 ОРЧИМ % НЬ ЧЕНЖИЙН ЗАХААС ВАЛЬЮТ АВЧ БАЙГАА. МОНГОЛ БАНК ТЭГЭХЭЭР ГАДААДТАЙ ВАЛЬЮТЫН БЭЛЭН БУС ГҮЙЛГЭЭГ ХАНШ БАГАТАЙ САЙН ХИЙГЭЭЧЭЭ ТЭГВЭЛ ЧЕНЖҮҮД АЛГА БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж