Айлчлалын дүнд шатахууны үнэ тогтвортой болно

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Айлчлалын дүнд шатахууны үнэ тогтвортой болно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуя­гийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, уул уурхайн салбарт идэвхтэй хамтран ажиллах эхлэлийг тавьж байна гэж ажиглагчид онцолж байна. Хөрш улстай томоохон төсөл хөтөлбөрүүд эхлүүлэхээр болсон нь ойрын ирээдүйд эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ гэдгийг албаныхан өгүүлж буй юм. Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс”, “Таван толгой” хувьцаат компаниуд “Хятадын Шенхуа Энержи” компанитай 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрсийг олборлолт үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан манай улсаас БНХАУ-д нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь дээрх нүүрсийг өнөөдрийн ханшаар бодож үзвэл 50 шахам тэрбум ам.долларын борлуулалт болж, Оюутолгойгоос гурваас дөрөв дахин том бүтээн байгуулалт болох ажээ. Мөн Манай улс Хятадын Газрын тос-химийн корпорацийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, гаргасан бүтээгдэхүүнээрээ өөрийн орны хэрэгцээг хангахаас гадна Хятадын зах зээлд борлуулах  харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ гэрээ нь дэлхий нийтээр эко түлш гэгдэх хийн түлшийг өөрийн оронд үйлдвэрлэхээс гадна, 20 мянган монгол иргэн тухайн салбарт ажлын байраар урт хугацааны туршид хангагдаж, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдал, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт болох ажээ.

Хамгийн түрүүнд үр дүнгээ үзүүлэх ажлын нэг нь урд хөршөөс бензиний нийлүүлэлтээ дөрөв дахин нэмэгдүүлж сард 35-аас 40 мянган тонн шингэн түлш авахаар болсон явдал юм. Энэ нь ганцхан ОХУ-аас шатахууныхаа 90 гаруй хувийг авдаг, хараат байдалд байдаг манай орны хувьд сайн нөлөөтэй. Шатахууны үнэ нэмэгдэх, үнэ хөөрөгддөг байдал арилна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэсэн байна.

Т.АМАРТҮВШИН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж