Оюутнуудад тэтгэлэг үргэлжлүүлэн олгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Оюутнуудад тэтгэлэг үргэлжлүүлэн олгоно

УИХ-ын  Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар их, дээд сургуулийн оюутнуудад Үндэсний тэтгэлэг олгох эсэх буюу Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг  хэлэлцсэн.  Өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи нь  дэмжиж  санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн юм.  Энэ дагуу дээрх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар  оюутнуудад  өгөх  тэтгэлгийн хэмжээг Засгийн газраас тогтоохоор  оруулж ирсэн  шалтгаан, цаашдаа тэтгэлгийн хэмжээ хэдэн төгрөг байхыг  тодруулсан. Сангийн сайд Ч.Улаан "Энэ онд 106 тэрбум төгрөгийг 165 мянган оюутнуудад Үндэсний тэтгэлэг хэлбэрээр олгоно. Шаардлагатай мөнгийг төсөвт тусгасан" гэлээ.  Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын  "Оюутнуудад өгч байгаа энэ тэтгэлгийг хариуцлага болон тухай сургууль мэдлэг олгох үүргээ биелүүлж байна уу гэдгээс нь харах ёстой. Үндэсний тэтгэлэг цаашдаа мэдлэгийн баталгаа болох уу, нийгмийн баталгаа болох  уу" гэх асуултад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг  "Тэтгэлгийн асуудлыг тавихад үнэлгээний системд өөрчлөх шаардлагатай болдог. Иймд бид үнэлгээний системд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Үнэлгээний системийг кредитээр тооцож, чадаж байгаа оюутнууд заавал дөрвөн жил суралцах бус кредитээрээ үнэлгээгээ өгөөд явна" гэж хариуллаа. Байнгын хорооны гишүүдийн зүгээс   сургалтын чанар муутай сургуулиуд, сурлага  муутай оюутанд олгох шаардлагагүй. Тиймээс хуульд нарийвчлан тусгах  ёстой гэх санал хэлсэн. Ингээд  гишүүдийн олонх нь Үндэсний тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэн хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн  олонхын саналаар дэмжлээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж