Ойн бэлэг онцгүй байлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Задгай худалдааны зад хямдралын үеэр Чингисийн талбай Эрээний зах шиг болчихсон. Энд ч мах, тэнд ч оймс, тэрүүхэн цаана нь гутал, хувцас, чихэр боов. Нийслэлийн өдрөөр дарга нар биш иргэд баярлана хэмээн эртнээс рекламдсан болохоор аравдугаар сарын 29-нд зад хямдралтай үнээр хүссэн бүхнээ худалдан авна гэж итгэсэн иргэд түрийвчин дэх хэдээ сэгсрэхээр төв талбайг зорьж ирсэн нь лавтай. Хөгшин хөвөө хүүхэд шуухад цөөнгүй байсан. Оройн намрын хүйтэнд хөлдүү маханд дугаарлаад зогсч байгаа хөгшчүүдийг харахад үнэндээ өрөвдөлтэй санагдсан шүү.  Тэр холоос зорьсон ажил нь бүтэмжтэй, авсан бараандаа сэтгэл хангалуун бол бас ч яая гэхэв.

Гэхдээ тэндээс хүссэн үнээрээ бараагаа авч, зорьж ирсэн зорилгоо биелүүлсэн нь хэд  байгаа бол. Өчигдрөөс хойш энэ бодол толгойноос салсангүй. Зарж байгаа бараа, хэлж байгаа үнийг нь сонсоод зад хямдрал нь хаана байна  гэж бухимдсан хүн олон таарсан.

Монголчууд хямдрал зарлах дуртай. Хаа сайгүй л өдөр болгон хямдрал зарласан дэлгүүр хоршоог  телевизээр залхтал рекламддаг. Яваад очихоор нөгөө бараа нь хямдрах нь битгий хэл харин ч зарим нь өсчихсөн байдаг нь худлаа биш.  Нэгэн танилд маань тохиолдсон зүйлийг хэлэхэд хямдрал зарласан цахилгаан барааны дэлгүүрээс 800 мянган төгрөгөөр зурагт авч л дээ. Дараа нь ахиад бараа худалдаж авахаар нөгөө дэлгүүртээ орсон чинь хямдралтай гээд зарж байсан үнээсээ хямдхан байсан гэсэн.  Ийм л хямдралууд Монгол цөөнгүй байдаг. Их хотын ойн өдрийнх ч ялгаагүй.

Ганц нэг дэлгүүрүүдийн асуудал ч бүр дүүрчээ гэхэд нийслэлийнхээ ойн баяраар нийслэлчүүддээ бэлэг барихаар шийдсэн компаниуд нэг л бишээ. Зарим нь бүр арай ч дээ гэмээр  дэндүү санагдсан. Гадуур 5000 төгрөгийн үнэтэй зарагддаг тэмээний ноосон  оймс  тэр үнээрээ зарагдаж байх жишээтэй.  Хэрэвзээ нийслэлийг нэг хүндэт иргэн гэж үзвэл түүний төрсөн өдрийн “парти”-д ирсэн гийчид нь хулхи бэлэгтэй ирсэн гэж энгийнээр тайлбарлаж болно. Угаасаа л иймэрхүү дүрх төрхтэй харагдсан юм чинь.

Талбайн голд бөөн бужигнаан, бөөн хэрүүл. Юу болоод байна вэ гэтэл  иргэд  хямдралтай маханд дээр “алалдаж” байгаа нь тэр юмсанж. Далай ч гэж дээ, шалбааг биз дээ гэгчээр мах гэхэд хэцүүхэн л  “зовлого” зарж байна лээ.  Хүрэнтэж, харлаад, шим шүүсгүй болчихсон махны төлөө “алалдаж” байгаа  иргэд Монголд амьдрал ямар байгааг илүү дутуу тайлбаргүйгээр харуулсан явдал болсон доо. Угтаа бол ийм мах зарж байгаа “Мах марткет”, “"Саян-Уул”-ынханд уур хүрмээр ч юм шиг. Энгийн иргэд гэхээрээ юу ч хамаагүй идэж, “зулгааж” болдог хүмүүс гэж бодоогүй  байлтай. Хоосон хэтэвчтэй очсон ч хонины махтайгаа буцна гээд сурталчлаад байсан нь яав аа. Яагаад иргэдээ залилчихав аа. Жилдээ ганц удаа тохиодог, ганц удаа /бас анхных/ болж байгаа нийслэлийнхээ ойд зориулсан зад хямдрал дээр зарагдахгүй  махаа шахах ч гэж дээ.  Хаяхад хэцүү хайран санагдсан юм бол “агуулах  чөлөөлөх худалдаа” гээд ил шулуухан хэлчихсэн бол иргэдэд ч шударга шүү дээ. Өнжсөн махаа өвгөчүүл, эмгэчүүдэд зарахдаа өвдөх сэтгэл байсангүй юу, махны ченжүүд ээ.  Харлаж, хатаад хамаг шүүсээ алдчихсан махаа тэгээд шинэ гэж тайлбарлаж байгааг нь хараад бүр харамссан. Үүнийг цэвэрхэн залилан гэж дүгнэхгүй юм бол өөр юу гэж ойлгомоор юм, бүү мэд.

Ард түмэн шинэ мах, шимтэй мах иддэггүй гэж тэдэнд хэн хэлсэн юм. Хэрэвзээ дарга нарт зориулсан арга хэмжээ байсан бол өөх алагласан, өнгө зүс сайтайгаас нь шилж авчраад бараг үнэгүй ч өгчихөж чадах хүмүүс шүү дээ, манай компаниуд. Хажууханд нь “Дэвшил трейд”-ийнхэн ногоогоо зарж байна. Улаан өнгөтэй нь дууссан гэсэн үү, худалдагч урдаас шал ногоон улаан лооль харуулдаг байгаа. Болоогүй лоолио борлуулах цэг гэж эндүүүрсэн бололтой, “Дэвшил трейд”.

Дарханы нэхий л гэнэ. Загвар нь хуучирсан хэдэн дээлнүүд. “Говь”-ийнхон бараагаа 60 хувиар хямдруулна гэсэн хаана байна. Хайгаад ч тэр хямдралыг нь олсонгүй. Худалдагч нь худлаа хэлээгүй бол  “Говь”-иос гоё бараа  олоогүй. “Монел”-ийнхэн  гэхэд цахилгаан бараагаа 3-7 мянган төгрөгөөр хямдруулж. Энэ хямдрал иргэдийн автобус, унааны мөнгө  шүү дээ. Гурван мянган төгрөг зад хямралд тооцогдох уу.  Гутармаар ч юм шиг, иргэд биднийг энэ компаниуд юу гэж бодсон юм болоо.

Ийм л зад хямдрал их хотын ойн баяраар өрнөлөө.  Цаг заваа үрсэн иргэд сэтгэл дундуурхан. Санаачилсан арга хэмжээндээ хотынхон харин ямар сэтгэгдэлтэй байгаа бол доо гэж…. Эцэст нь ганц үгээр тодорхойлбол, ойн баярын бэлэг онцгүй байлаа.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж