NBA-ын шинэ улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

NBA-ын шинэ улирал эхэллээ

“Лейкерс”, “Майами”, “Индиана”
багууд эхний хожлоо авав

Сагсан бөмбөгийн спортын дэлхийн хамгийн нэр хүндтэй гэгдэх NBA-ын шинэ улирал эхэллээ. Шинэ улирлын нээлт гурван багийн тоглолтоор эхэлж байна. Хамгийн эхэнд “Орланда Мэжик” баг талбайдаа “Индиана Пейсерс”-ийг хүлээж авсан юм. Энэ удаагийн тоглолтод эзэн багаас Виктор Оладипо эхний тоглолтоо хийсэн бөгөөд 15 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт дундажилсан байна. Тэрээр энэ жилийн драфтын хоёр дахь сонголтоор “Шидтэнүүд”-ийн эгнээнд нэгдсэн билээ. Тэрээр их сургуулийн лигт Индианагийн их сургуулийн төлөө тоглодог байсан юм. Эхний үед багаараа 18 оноо авч өрсөлдөгч багаасаа 5 онооны зөрүүтэйгээр хожигдож байсан ч хоёрдугаар үед 26 оноо авч Индианагаас илүү гарсан юм. Гэхдээ сүүлийн хоёр үед өрсөлдөгчөөсөө илүү гарч чадахгүй байсаар 87:97-ийн харьцаагаар хожигдсон байна. Эзэн багаас энэ удаагийн тоглолтод сэлгээнээс талбайд гарсан Николсон 18 оноо авсан бол Оладипо, Нелсон нар 12 оноо авсан юм. Харин Индиана Пейсерс багаас Пол Жорж 24 оноо, 6 самбараас бөмбөг авалт, таван дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Стифенсон 19 оноо, Девид Вест 13 оноо авсан байна.

Энэ тоглолтын араас “Чикаго”-чууд талбайдаа өнгөрсөн улирлын аварга “Майами Хит”-ийг хүлээн авсан юм. Энэ удаагийн тоглолтод өнгөрсөн улирлын турш талбайд гараагүй Деррик Рөүз талбайд гарсан нь олны анхаарлын төвд байсан юм. Мөн тоглолт эхлэхийн өмнөхийн аваргын туг болон бөгж гардуулах ёслол болсон билээ. Эхний үед бухнууд аваргуудтай ширүүн өрсөлдөж ердөө хоёр онооны зөрүүгээр эхний үеийг дуусгасан бол хоёрдугаар үед тааруу тоглож онооны зөрүүгээр хоцорч эхэлсэн юм. Харин гурав болон дөрөвдүгээр үед онооны зөрүүг барих гэж хичээсэн ч 95:107-ийн харьцаагаар хожигдсон байна. Эзэн багаас Карлос Бүүзер 31 оноо, 7 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Деррик Рөүз гэмтлээс эргэн ирсэн эхний тоглолтдоо 12 оноо авч, нэг удаа оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Майамигаас их гурвал гэгдэх Леброн Жеймс, Дуэйн Вейд, Крис Бош нар сайн байж нийт 47 оноо авсан юм. Леброн Жеймс 17 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Д.Вейд 13 оноо, Крис Бош мөн адил 13 оноог авсан байна. Энэ удаагийн тоглолтод сэлгээнээс тоглосон Шейн Батиер 14 оноо авсан бол Рей Аллен, Норрис Коул нар 11 оноог багтаа авчирсан юм.

Харин дөнгөж сая Лос-Анжелосын хоёр баг хоорондоо тулж “Лейкерс”-чүүд, “Клипперс”-ийг 116:103 харьцаагаар буулгаж авлаа. Энэ удаагийн тоглолтод Коби Брайнт ахиллийн шөрмөсийн гэмтлийн улмаас талбайд гараагүй юм. Тоглолтын эхний гурван үе өгөө аваатай байсан гэхэд болно. Эхний үед Клипперсчүүд 30 оноогоор тэргүүлж байсан бол хоёр дахь үед оноогоор хоёр баг тус бүр 17 оноо авсан бол гуравдугаар үед 22 оноо авч тэргүүлсэн байна. Харин тоглолтын сүүлийн үед Лейкерсчүүд 41 оноо авч хожлыг өөрийн болгосон юм. Лейкерсчүүд энэ удаагийн тоглолтод сэлгээний тоглогчдын ачаар ялалт байгуулсан. Лейкерсийн сэлгээний тоглогчид нийтдээ 76 оноо авсан бөгөөд Эвиер Хенри 22 оноо, таван самбараас бөмбөг авалт гүйцэтгэж сэлгээний тоглогчдоо тэргүүлсэн юм. Харин гарааны тавтаас Ник Янг 13, Пау Газол 15 оноо авсан байна. Клипперсээс гарааны тоглогчид жигд тоглолтыг үзүүлснээс Блейк Гриффин 19, ДиАндре Жордан 17, Крис Пол, Жамал Кроуфорд тус бүр 15, Ж.Ж.Редик 13 оноо авсан байна.

Маргааш NBA-д нийт 13 тоглолт болох  бөгөөд Брүүклин Кливлендтэй, Майами-Филаделфиа, Лейкерс Голден Стейтийн тоглолт олны анхаарлыг татаж байгаа билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж