Хөтөлбөрийн хэрэгжилт 27,5 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Хөтөлбөрийн хэрэгжилт 27,5 хувьтай байна

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 27,5 хувьтай байна

Өчигдөр /10.29/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж таван асуудал хэлэлцсэний дунд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл багтсан байлаа.

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны III улиралын байдлаар 27,5 хувьтай байна. Дээрх хөтөлбөрт 5 бүлэг, 17 чиглэл, 11 зорилт, 299 арга хэмжээг тусгасан юм. Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд буюу 2016 он хүртэл хэрэгжих дээрх хөтөлбөрийн биелэлт 27,5 хувьд хүрсэн байгаа нь сайн үзүүлэлт гэж Засаг даргын зөвлөлийн гишүүд дүгнэсэн юм. Гэхдээ дээрх хөтөлбөрөөс тасалдсан 15 арга хэмжээ байгаа гэнэ. Тодруулбал, Хөрөнгийн эх үүсвэргүй 10, зохион байгуулалтаас үүдэж 5 арга хэмжээ тасарчээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг АЗДТГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний тасгийн дарга танилцуулсан юм. Гэхдээ түүний танилцуулсан мэдээлэл нь зарим талаар өрөөсгөл байна гэж Засаг даргын зөвлөлийн гишүүд үзлээ. Учир нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн явц 33,1 хувьтай байна гэж түүний мэдээлэлд дурьдсан юм. Гэтэл аймгийн Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй олон асуудал байгаа. Жишээ нь манай аймагт эмч, эмнэлгийн мэргэжилтэний хомсдол бий болсон түүнээс гадна БОЭТ 31 хүнийг ажлаас халахаа мэдэгдээд байна. Үнэндээ Хяналт, шалгалт, үнэлгээний тасгийн чиг үүрэг нь АЗДТГ-ын үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих, үнэлгээ өгөх. Байгууллагуудаас ирсэн мэдээлийг нэгтгэж тайлан гаргах нь тус тасгийн ажил биш. Тиймээс дээрх чиг үүргээ биелүүлж ажиллахыг АЗДТГ-ын дарга үүрэг болгосон.

Засаг даргын зөвлөлөөр хэлэлцсэн дараагийн асуудал нь иргэдийн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар зохиож буй ажлын талаарх мэдээлэл байсан юм. 2010-2012 оны хооронд иргэдээс төрийн байгууллагад нийт 47812 өргөдөл, гомдол иржээ. Иргэдийн олонх нь хог, цахилгаан, дулаан, ус, СӨХ, орон сууцны дээвэр, төрийн албан хаагчийн ёс зүй, үйлчилгээний доголдолтой холбоотой асуудлаар гомдол гаргадаг байна. Харин энэ он гарсаар 20899 өргөдөл, гомдол ирсэнээс одоогоор 11856 нь шийдвэрлэгдсэн байна. Харин хүлээгдэж буй өргөдөл, гомдолын 88,7% нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр авахыг хүссэн өргөдөл байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж