Өөртөө итгэлтэй өөдрөг алхмаар байна уу!

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Өөртөө итгэлтэй өөдрөг алхмаар байна уу!

Дипресс гэдэг үгэнд бид дэндүү дасчихаж. Гэтэл энэ тийм дасах ёстой зүйл мөн эсэх талаар та ер нь бодож байсан уу. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй хэр нь орчин үед бараг хүн бүр л дипресс гээч өвчний оноштой болчихоод байгаа. Гэтэл заримдаа дипресст ороход биднээс өөрөөс маань огтхон ч хамаарахгүй хүчин зүйлүүд үйлчилж байдаг байна.

Мэргэжилтнүүдийн судалж үзсэнээр бол сэтгэл санааны хямралд ордог үндсэн шалтгааны нэг нь хүний толгойд “хадаатай” мэт эргэлддэг хар бараан, өөдрөг бус сөрөг бодлууд гэнэ. Ийм гутранга сөрөг ямар ч бодол дипрессийг ёстой л “цэцэглүүлдэг” байна.

Хамгийн ойрын жишээ гэхэд л хоолоо түлэх, сүүгээ дэврээх, аягаа хагалах зэргийн өчүүхэн азгүйтэлд хүмүүс өөрсдийгөө “Бүтэлгүй амьтан”, “Шалихгүй хүн” хэмээн хараан зүхдэг. Бидний ихэнх нь ийм маягаар өөрийгөө бусдаас доогуур үнэлдэг. Энэ нь зуршил болчихсон байгааг ч анзаардаггүй. Өөдрөг бус бодол нь таны өөрийгөө дутуу үнэлдэг, хэт туйлшрамтгай зангаас чинь үүдэлтэй. Гэтэл энэ орчлон хорвоо дээр төгс “мулгуу” гэж хаа байхав. Гол нь та л өөрийгөө магтаж урамшуулж байвал өөртөө итгэлтэй өөдрөг амьдарч болох биш үү.

Бас “Би мартамхай, хоцромтгой, эв хавгүй” эсвэл ”Би хэзээ ч сурч чадахгүй, сайн хийж чадахгүй, турж чадахгүй …” гэх зэргээр өөрийгөө байнга өөнтөглөөд байдаг хүний хувьд та аливаа зүйлд хэтэрхий ерөнхийлөн ханддаг юм байна. Гэтэл бодит амьдрал дээр “хэзээ ч” гэсэн тодотголтой мөнхийн азгүйтэл байдаггүй л байхгүй юу. Таны зан авир эсвэл өөр бусад шалтгаанаас үүдэлтэй ч бай амьдралын өдөр тутмын аар саар бодол, зуршлаас болж дипресст ордог болохыг танд дахин сануулмаар байна.

Дипрессийн үед хүний бие организмд ямар өөрчлөлтүүд гардаг вэ
Юуны түрүүнд гормоны тэнцвэр алдагдана. Үүнээс улбаалан хоолонд дур сонирхолгүй болох, эсвэл бүр эсрэгээрээ хэт их идэх, нойргүүдэх, дүйнгэ маанаг мэтээр өөрийгөө мэдрэх, амьдралд сонирхолгүй болох, тэр байтугай амиа хорлох тухай бодож эхлэх, мөн сексийн сонирхол буурах, хоол боловсруулах системийн үйл ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Депресс нь хүний зүрх, элэг, бөөр зэрэг дотор эрхтний архаг хууч өвчлөлөөр халхлагдан “нуугдах” тун дуртай. Ийм тохиолдолд онош тодрохгүй шалтгаанаар олон жилээр ямар ч үр ашиггүй эмнэлгийн хаалгыг татах болдог бөгөөд эмчилгээ ч үр дүн өгдөггүй. Нарийн мэргэжлийн эмч нар мэргэжлийн дагуу оношлоод байхаас биш депрессийг өвчин гэж “тоож үздэггүй”.

Депрессийн анхны шинж тэмдгүүд илэрмэгц
Хэрвээ танд депрессийн шинж тэмдгүүд илэрч эхэлбэл түүнийг “давших” аргагүй болтол нь ухраа. Өөрөөр хэлбэл түүнийг дахин сэргэхгүй болтол нь бүх л хүчээрээ довтол хэмээн америк мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэхдээ,
– Депрессийн эсрэг үйлчилгээтэй байгалын гаралтай бүтээгдэхүүнээр зогсоо зайгүй “бөмбөгд”. Үүнд, банана, гоймон, алимтай гурилан бүтээгдэхүүнүүд орно. Эдгээр хүнсний зүйлд гормоныг “баярлуулдаг” аминхүчлүүд болох эндарфон, серотонин агуулагдана. Энэ нь цочирсон бие, сэтгэлийн ачааллыг бууруулж өгнө.
– Хоёр цаг тутамд тайвширах дасгал хий. Ингэхдээ заавал хэвтээ байдалд байх шаардлагагүй. Дасгал хийх үедээ өөрийгөө элдэв хэрэггүй бодлоос чөлөөлж өгөх хэрэгтэй. Ингэвэл уураг тархины ачаалал багасах болно. Тайвшрахад Төвдийн бясалгалын дасгалууд тун сайн үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь , гараа хоёр хажуудаа салган аль болох хурднаар дээш савла. Ийм тойрог хөдөлгөөн нь серотонин ялгарахад түлхэц болдог.

– Оройдоо 4-5 дусал эфирийн тосыг халуун устай саванд дусаагаад дээр нь балжингарам, лаванда, хушны мөчирнөөс хийж үнэрлэ. Ингэснээр та тайвширч, биеэ суллан алжаал ядаргаагаа тайлах болно.

-Нарны гэрлийн энерги танд юугаар ч орлуулахын аргагүй чухал эм. Боломж л гарвал өдөртөө хагас цаг хэртээ гадаа наранд зугаалах хэрэгтэй.

-Хөдөлгөөн эрч хүч шаардсан спортоор тогтмол хичээллэх боломжийг өөртөө гарга. Богино шорттой теннис тогло, эсвэл зүгээр л бүжиглэ. Ийм хүч шаардсан хөдөлгөөнөөр организмд ачаалал өгснөөр стрессийн гормон кортизоны түвшин буурч, тайвширал, баяр баясгалан бий болгогч эндорфон гормон илүүтэй ялгарч эхэлдэг байна.

– В –гийн төрлийн витамин агуулсан ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэ. Пиридоксин (витамин Bg) мөн фолиевийн хүчил (витамин Во) нь мэдрэлийн системийг тогтворжуулдах химийн урвалд идэвхитэй оролцдог байна.
Та ямар ажил эрхэлдэг, хэдэн настай хэн ч бай дээрх зөвлөгөөг мөрдөн хэрэгжүүлж чадвал сэтгэл санааны гүн хямралаас ангид баяр баясгалан дүүрэн ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж