Европ, Ази тивийг далай доогуурх төмөр замаар холболоо

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Европ, Ази тивийг далай доогуурх төмөр замаар холболоо

Туркийн Истанбул хотноо өчигдөр /Х.29/ Европыг Азитай холбосон далай доогуурх галт тэрэгний хонгилыг нээжээ. “Мармарай тунел” гэж нэрлэсэн галт тэрэгний хонгил нь Хар тэнгисийг Мармарайн тэнгистэй холбосон Босфорын хоолой доогуур явж, Азийг Европтой холбосон байна. Галт тэрэгний тунелийн нийт урт нь 13.6 км бөгөөд далай доогуурх хэсэг нь 1.4 км аж. Түүнчлэн энэ тунел 55 гаруй метрийн гүнд байрлажээ. Туркийн тээвэрлэлтийн асуудал хариуцсан сайдын мэдээлснээр тунелийг 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтөнд ч тэсвэртэй байхаар тооцож барьжээ. Туркийн албаныхны тооцоолж буйгаар өдөрт энэ тунелийн галт тэргээр 1.5 сая зорчигч үйлчлүүлэх бөгөөд цаашид энэ нь Баруун Европыг Хятадтай холбох галт тэрэгний шинэ чиглэлийн нэг хэсэг болно гэдэгт найдаж байгаа аж.

Европыг Азитай холбох галт тэрэгний тунелийн бүтээн байгуулалтын ажил 2005 онд эхэлж, дөрвөн жилийн хугацаанд бүрэн дуусахаар төлөвлөж байсан ч архиологийн чухал олдворын улмаас хэсэг хугацаанд саатсан аж.

Турк улс байгуулагдсаны 90 жилийн ойгоор болсон далай доорх галт тэрэгний тунелийн нээлтийн ёслолд тус улсын Ерөнхий сайд Эрдоган болон Японы Ерөнхий сайд Шинзо Абе тэргүүтэй албаныхан оролцсон байна.




Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж