Монгол Улс далайн тээврийн компанитай болно

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Монгол Улс далайн тээврийн компанитай болно

Монгол Улс “Далайн хөдөлмөрийн тухай” болон Аврах ажиллагааны тухай Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай асуудлыг өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор далайн захиргааны байгууллага болоод далайн тээврийн асуудлаар Зам тээврийн яамны, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар, Далайн ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн М.Ганцэцэг нартай ярилцлаа.

-Далайн захиргаа гэхээр хол сонсогдоод байна л даа. Танайх яг ямар чиглэлтэй байгууллага вэ?

-Далайн захиргааны байгууллага 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Гадаад далайд Монгол Улсын далбааг бүртгүүлэх нэг чиглэлтэй. Дараагийн чиглэл нь дотоодын усан замаар аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх. Үндсэн хоёр чиглэл нь энэ. Сүүлийн жилүүдэд далайн тээврийг хөгжүүлэх зорилгоор ажиллаж байгаа. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд боловсон хүчинтэй болсон ч улсын төсвөөс ямар ч санхүүжилт авдаггүй. Монгол Улсын бүртгэлд өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын далбааг мандуулах эрх бүхий 2156 онгоц бүртгүүлсэн. Гэхдээ байнгын болон түр хугацаагаар бүртгүүлдэг. Түр бүртгэл нь 3-6 сарын хугацаатай, энэ хугацаанд бүртгэлээсээ гарч болно.

-Яг одоогоор хэдэн онгоц Монгол Улсын далбааг мандуулж байгаа вэ?

-Х.Э: Бүртгэлтэй 382 онгоц бий. Хөлөг онгоцны бүртгэл Сингапурт хийгддэг. Сингапурт байдаг учраас Зүүн Өмнөд Азийн орнууд ихэвчлэн бүртгүүлдэг. Цаашлаад бид АНУ болон Европын онгоцыг бүртгэх зорилготой ажиллаж байна.

-Яг ямар журмаар бүртгэдэг вэ? Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулдаг уу, эсвэл цаад захиалагч талаас нь хүсэлт гаргадаг уу?

-М.Г: Монгол Улсын далбааг мандуулах эрх гэж байдаг. Энэ эрхийг 2003 онд баталсан Монголын хөлөг онгоцын бүртгэл, хөлөг онгоц бүртгэх журмын дагуу олгодог. Ихэвчлэн тээврийн чиглэлийн онгоцыг бүртгэж байгаа. Яг журмаараа бол загас агнуурын болон зорчигч тээврийн хөлөг онгоцыг бүртгэдэггүй. Чингэлэг тээвэр, нефть зөөгч, чирэгч онгоцыг бүртгэж байгаа. 

-Х.Э: Тухайн онгоцыг бүртгэж авахдаа мэргэжлийн хүн байна уу, мэргэжлийн диплом нь байна уу, тухайн онгоц хэдэн онд үйлдвэрлэгдсэн, тухайн тээвэрлэлтийн зориулалт нь юу вэ, тэр бүгдийг бүгдийг харгалзаж байж энэ бүртгэлийг өгдөг. Тухайн хөлөг онгоцын даац хэмжээнээс хамаарч авдаг төлбөр нь өөр, өөр байдаг. Түүнээс биш нэг онгоцноос тэдийг авна гэсэн хатуу тооцоо байдаггүй. Энэхүү бүртгэлийн дагуу тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Түүнийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг.

-Жилдээ хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг вэ?

-Х.Э: Өнгөрсөн жил л гэхэд 240 сая төгрөг төвлөрүүлсэн. Төвлөрүүлэх ёстой мөнгийг бүрдүүлсэн гэсэн үг. Энэ жилийн тухайд 279,2 сая төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 100-аад саяыг нь төвлөрүүлчихсэн байгаа.

-М.Г: Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тухайн жилд хэдэн төгрөгийн төсөв төвлөрүүлнэ гэж заасан тэр хэмжээний мөнгийг л төвлөрүүлэх үүрэгтэй.

-Төвлөрүүлэх ёстой мөнгөний хэмжээг жил, жилдээ тогтоодог нь ямар учиртай юм бэ?

-Х.Э: Ерөнхий багцааг нь авдаг. Сүүлийн гурван жилийн дундаж, жил, жилийн тайланг харж байж, Сангийн яамнаас тухайн жилд төвлөрүүлэх мөнгөний хэмжээг тогтоодог.

-Монголын компани гаднын  компанитай хамтраад онгоц түрээслэдэг үү?

-М.Г: Хөлөг онгоцны босох өртөг нь өндөр учраас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хамрагдсан байх хуультай. Одоогоор Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж хөлөг онгоц бүртгүүлээгүй байгаа.

-Х.Э:  Ер нь бол гаднын аль нэг улсаас мөнгөтэй хэн ч хөлөг онгоц худалдаж авах, ашиглах эрхтэй. Гэхдээ хөлөг онгоцыг авахад мэргэжлийн хүн, тусдаа баг хэрэгтэй байдаг. Мэргэжлийн бус хүн ажиллуулна гэж угаасаа байдаггүй юм.

-Монгол Улсын далбаа ашиглан тээвэр үйлдэж байгаа онгоцууд ихэвчлэн бүс нутгийн хэмжээнд байна уу?

-Х.Э:  Бүртгэл дээр байгаа хөлөг онгоцны эзэд нь Япон, Вьетнам, Сингапур гээд голдуу Зүүн Өмнөд Азийн хөлөг онгоцнууд бүртгэгдэж байгаа. Эдгээр онгоц зөвхөн бүс нутгийнхаа хэмжээнд л тээвэр эрхэлж байна. Яахав Европын бусад улс руу очиж байгаа.

-Монгол Улсын далбаа мандаж байгаа онгоц, тухайн онгоцыг ашиглаж байгаа компанид манай талаас ямар нэгэн татвар төлдөг үү?

-Х.Э: Ерөөсөө манай тал татвар төлдөггүй. Эсрэгээрээ гаднын компани далбааг ашиглая, хураамжаа төлье гэж ирдэг.

-М.Г: Цэвэр захиргааны шинжтэй үйл ажиллагаа учраас Монгол Улсын төрд далбаа ашигласан гэж төлбөр төлдөг.

-Тухайн улсын усан замыг ашиглаж байгаа юм чинь ямар нэгэн татварыг Монгол Улс төлдөг үү?

-М.Г: Бүртгэл нь өөрөө цэвэр захиргааны шинжтэй үйл ажиллагаа болохоор үйлчилгээ үзүүлсний хураамж авдаг.

-Хөвсгөл нуурт Сүхбаатар хөлөг онгоц бий. Эзэмшил нь хувьд байдаг ч танай байгууллага хариуцдаг уу?

-М.Г: Монгол Улс, ЗХУ-ын Засгийн газрын хооронд Хөвсгөлийн усан замын газрыг Монгол Улсын талд шилжүүлэн өгч, авалцах асуудлыг 1952 оны 3 дугаар сард шийдвэрлэж Ханх, Хатгал дахь усан онгоцны зогсоол, агуулах, ачих буулгах механизм,  “Сүхбаатар” хөлөг онгоц болон 250-450 тонн ачааны даацтай “Малчин, “Ажилчин” гэдэг хоёр чиргүүл,  засварын газар зэрэг буудлын орон барилга бүхий л тоног төхөөрөмжийг  Монголын талд үнэ төлбөргүйгээр  шилжүүлэн Хөвсгөл аймгийн өмч хувьчлалын комиссын 1993 оны 18 тоот тогтоолоор хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалж тухайн үедээ Тас корпораци авч байсан гэдэг. 2006 Онд Номин Холдинг компанийн мэдэлд очсон.

-Хэвлэлээр цацагдаад байгаа мэдээлэл байна л даа. Хөлөг онгоцод ажиллаж байгаа монгол хүмүүсийг анхаарахгүй байна, бүртгэж чадахгүй байна гэсэн мэдээлэл бий. Ер нь Монголын далбаа мандаж байгаа усан онгоцон дээр монголчууд ажилладаг уу?

-Х.Э: Энэ бол ташаа мэдээлэл. Монгол Улсын иргэн 382 онгоцон дээр ажилладаг гэж ойлгоод байх шиг байна. Ерөөсөө монгол хүн ажилладаггүй.

-Далайн хөдөлмөрийн конвенцид сүүлд нэгдэн орлоо. Монгол ажилчид байхгүй бол бид хэнийг хамгаалах гэж энэ конвенцид нэгдсэн юм бэ?

-Х.Э: Монгол Улсад бүртгэгдсэн онгоцон дээрх хүмүүсийг ямар нэг улсаар нь ялгалгүй хөдөлмөрийн нөхцөл байдлыг сайжруулах, эрхийг хамгаалах зэрэг асуудал зохицуулагдаад явна. АНУ, Япон, Өмнөд Солонгос бүгд тус тусдаа хуультай учраас энэ бүгдийг нэгтгэсэн нэг конвенци шаардлагатай болсон. Үүнийг энэ конвенцид нэгдсэн бүх орон мөрдөж, хэрэгжүүлэх болдог. Хэрвээ энэ конвенцид нэгдэн ороогүй бол Монгол Улсын нэрэн дээрх онгоцыг явуулдаггүй юм. Тийм учраас энэ конвенцид орсон. Конвенцид нэгдсэнээр Монгол Улс ямар нэгэн төлбөрт орчих гээд байгаа юм биш. Тухайн хөлөг онгоцны эздийг хариуцлагатай болгох гэсэн л конвенци.

-М.Г: Энэ бол Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенци. Конвенцийн зорилго нь хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, далайчдын боловсрол мэдлэг, онцлогт нь зориулсан хөдөлмөр хийлгэх конвенци. Гэхдээ үүгээр бид ямар нэгэн санхүүгийн үүрэг хүлээхгүй. Бүр тодорхой хэлбэл байнгын бүртгэлтэй 382 онгоцын 151 нь Сингапурын эзэмшилд байдаг. Энэ онгоцон дээр ажиллаж байгаа бусад орны хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлтэй конвенци гэж ойлгож болно.

-Тэгэхээр конвенци батлагдсан 2006 оноос хойш бид олон улсын хяналтгүйгээр тээвэрлэлт хийсэн гэсэн үг үү?

-Х.Э: 1978,1973 онд батласан конвенциудад бид аль дээр нэгдээд орчихсон. Үүнийг шинэчилсэн, сайжруулсан конвенцийг л дагаж мөрдөөд явж байгаа.

-Монгол Улс ер нь далайн болон усан замын тухайд хууль эрх зүйн орчин нь хэр зэрэг байдаг вэ?

-М.Г: Яамны зүгээс далай болон усан замын тээврийн орчинг сайжруулах тал дээр анхаарч байгаа. Далай ашиглах тухай хуулийг 1999 онд, Усан замын тээврийн тухай хууль 2003 онд Монгол Улс баталсан. Энэ хуулийн дагуу Монгол Улсын бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журмыг баталсан юм. Журам батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас шинэчлэн найруулахаар ажиллаж байна. Гадаад орчныг ч гэсэн бид сайжруулах ёстой. НҮБ-ын болон Олон улсын далайн байгууллагын 15 конвенци, тэдгээрийн протоколд нэгдэн ороод байгаа. Өнгөрсөн бямба гарагт Засгийн газрын хуралдаанаар дахин 2 конвенцид нэгдэн орох хуулийн төслийг хэлэлцүүллээ.

-Далайн захиргааны байгууллага ирэх жилүүдэд юу хийх вэ? Зөвхөн хураамж аваад, далбаа бүртгээд л байх уу?

-Х.Э: Бид дотоодын боловсон хүчин бэлтгэх зорилгоор ОХУ болон Өмнөд Солонгос, Японд хүүхдүүд сургадаг. Нөгөөтэйгүүр дотоодын усан замыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Ер нь бид усан онгоцны бүртгэлийг улам боловсронгуй болгох ёстой. АНУ болон Европын усан замд бүртгэл явуулж, үйл ажиллагаагаа өргөтгөх чиглэлээр ажиллаж байгаа. Хамгийн том зорилго гэвэл бид далайн тээврийг хөгжүүлэх. Энэ ажлын хүрээнд өөрийн гэсэн тээврийн компанитай болох зорилгоор Өмнөд Солонгостой хамтран ажиллаж байгаа. Хэрвээ далайн тээвэр хөгжвөл уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын тээврийн компани тээвэрлэж мөнгө нь Монголдоо үлдэнэ гэсэн үг. Энэ дашрамд бид далайн боомтыг ашиглах чиглэлээр ажиллаж байгаа. Хятадын Тяньжин боомтод бид 10 га газрыг авах зорилгоор ажиллаж байгаа. Цаашдаа төмөр замын бүтээн байгуулалттай хамааралтайгаар боомтыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх болно. Цаашлаад Хойд Солонгост далайн боомт барих чиглэлээр ярилцаж байгаа.

-М.Г: Далайн тээврийн компани 2013-2014 онд байгуулагдана. Засгийн газрын зүгээс үүнд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Компанид ажиллах боловсон хүчнийг системтэйгээр бэлдэж эхэлсэн.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж