Их хурлыг эргүүлдсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Их хурлыг эргүүлдсэн өдөр

Өчигдрийн жиргээ МАН-ын Их хурлын эргэн тойронд эргэлдэж өнгөрлөө. Хэн дарга болох нь вэ, хэн нь генсек болох вэ гэх таамаг тавьцгааж байв. “Нэг хэсэг нь нэрээ татаад, нөгөө хэсэг нь нусаа татаад л” гэж егөөдөж, ээлж дараалан ийнхүү нэр татсанаас нь хойш М.Энхболдыг дарга болох нь тодорхой гэх яриа хүчээ авав. Эхнийхээ таамаг дээр нэгдсэн тул дараагийн генсек хэн байх тухай яриа руугаа ч шилжицгээв. Улс төр, намын их хурлаас залхсан тул Цахим болжмор нь цааш үргэлжлүүлэлгүй орхиё. Надтай надгүй бусад маань хангалттай бичиж байгаа учраас.

Үүний оронд энэ өдрийн онцлох жиргээг шалгаруулчихъя. Өчигдрийн бахархам жиргээгээр @Lodoiravsal-ийн “Азийн бүсийн програмчлалын олимпиадаас хүрэл медаль хүртсэн МУИС-МТС-ийн "SIT1" багийнхандаа нартаа баяр хүргэе” гэх жиргээ болон “НЗДТГ-аас Шилдэг ажилтан болсон ТҮК-ийн 18 ажилтныг Хонконг, Сингапур улс руу аялах эрхийн бичгээр шагнажээ” гэх жиргээнүүд хамтдаа шалгарав. 

Шилдэг зөвлөгөөгөөр @BShagdar-ийн “Сармисны ач тусаас мэдэхэд илүүдэхгvй. Сармисыг өргөн хэрэглэж байхыг зөвлөж байна” гэх  зурагт жиргээ.

Гэвч “сармис сайн ч, харшил сэдрээх талтай тул зохистой хэрэглэгтүн” гэх хариултыг ч харчихад гэмгүй.

Онцлох сэрэмжлүүлгээр
@gbaterdene–ийн “Гэмтлийн эмч нар болон сайдын үл ойлголцлоос болж эхний өвчтөн амиа алдлаа” гэх жиргээ. ГССҮТ-ийг тойрсон асуудал өмнөх өдөр нь жиргээчдийн анхаарлын төвд байсан бол маргааш нь хүний аминд хүрч буй таагүй мэдээлэл ийнхүү угтлаа. Нэг даргын томилгооноос үүдэлтэй энэ асуудал нь зөвхөн нэг байгууллагын, нэг яамны асуудал биш Засгийн газрын байр суурины талаар яригдах хэмжээнд хүртлээ босч ирж буйн дохионы аранга ийн дуугарч байна.

Мартах шахлаа. Өчигдөр нийслэлийн өдөр байв. Хийсэн ажил юу байв гэдгийг сонирхсоноос илүү “хэдэн төгрөгөөр мах зарж байна вэ” гэдгийг иргэд сонирхоод өнгөрлөө. Яах вэ, урд урдын хотын удирдлагыг бодвол хийсэн юм, хийх юм ихтэй гэдгийг нь мэдээд л байна. Гэхдээ л заримдаа эрх мэдэлдээ эрдэж, алдчих гээд байгаа тал бий шүү, та бүхэнд.

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж