БҮТ-ийн захирал Б.Энхбат: Шалгалтын тест алдаатай байсан гэх 20 гомдол ирсэн

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

БҮТ-ийн захирал Б.Энхбат: Шалгалтын тест алдаатай байсан гэх 20 гомдол ирсэн

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын тест алдаатай байсан талаарх мэдээлэл гараад буй билээ. Боловсролын үнэлгээний төвийнхөнд шалгалт өгсөн хүүхдүүд болон эцэг эхчүүдээс математик, физик, англи хэлний шалгалт алдаа байсан гэх гомдол иржээ. Харин энэ нь үнэн эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбатаас тодрууллаа.

-Элсэлтийн шалгалтын тест буруу болсон гэсэн. Юунаас болсон юм бэ?

-Хүүхдийн ирээдүйтэй холбоотой эмзэг асуудал учраас бид юунаас болсоныг шалгана. Магадгүй хэвлэлийн явцад алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Ийм гомдол байгаа бол бидэнд өргөдөл, дэвтэрээ хавсаргаад ирүүлэх хэрэгтэй. Хэрэв тест алдаатай нь тогтоогдвол үнэлгээ тогтоох дүрэм гаргана. Буруу тест хийсэн бол комисс хуралдаж асуудлаа шийднэ.

-Хичнээн тооны хүн гомдол гаргаад байгаа бол?

-Одоогоор 20 орчим хүнээс өргөдөл ирсэн. Математик, физикийн шалгалтын тест алдаатай байсан гэж гомдол гаргаад байна. Давхардсан тоогоор 20 мянга орчим хүүхэд нэг вариант болж байгаа учраас үүнийг сайтар нягтлах хэрэгтэй. Бид туршлагатай багш нарыг сонгож 15 эрдэмтийн дүгнэлтийг үндэслэн 20 гаруй хоногийн турш цагдаагийн хамгаалалтан дор энэ тестийг бэлдүүлсэн. Маргааш /өнөөдөр/ 14,00 цагт энэхүү тесвийн баг маань хуралдаж, тесвийг шалгана.

-Хэрэв алдаатай нь тогтоогдвол хэрхэн дүгнэх юм бэ. Угаас алдаатай тестийг зөв дугайлсан хүүхэд олдохгүй шүү дээ. Тэдний оноог автоматаар нэмэх юм уу? 
 
-Тэрийг хуралдаж байж шийднэ. Хэрэв үнэхээр алдаатай байсан бол хүндхэн асуудал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ хүүхдүүдийг аль болох хохироолгүйгээр шийдвэрлэнэ.

-Энэ талаарх эцсийн шийдвэр хэзээ гарах вэ?

-Өргөдөл гомдлын талаарх асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. Зургадугаар сарын 27-нд албан ёсоор шалгалтын дүнг нийтэд танилцуулах ёстой гэв. Энэ жил нийт 39728 хүүхэд элсэлтийн шалгалт өгчээ. Хэрэв тест алдаатай нь тогтоогдвол тэдгээр хүүхдүүдийн шалгалтын дүнд хэрхэн ч өөрчлөгдөж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж