Н.Энхболд: Хүн чанар албан тушаалаас үнэтэй

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Н.Энхболд: Хүн чанар албан тушаалаас үнэтэй

МАН-ын XXVII Их хурал үргэлжилж байна. Намын даргыг тодруулах санал хураалтын сунгаа ид үргэлжилж байгаа юм. Сунгаанд УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Т.Аюурсайхан нар өрсөлдөж буй.

МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд оролцохгүйгээ мэдэгдэж нэрээ татсан. Тэрээр энэ үеэрээ Их хурлын төлөөлөгчдөд хандан дараах үгийг хэлжээ.  

Журмын нөхөд, их хурлын төлөөлөгчид өө

Нам бидэнд ямар тус хүргэх вэ гэхээсээ бид намдаа яаж туслах вэ гэж өөрсдөөсөө асуух цаг ирлээ. Өнөөдөр цөөнх болсон намын удирдлага, намын сонгуультны ажлын хэцүүг бие сэтгэлээрээ мэдэрч яваа хүмүүсийн нэг нь би. Хариуцлагыг нь дэндүү сайн ойлгож байна. Гэвч би зүрхшээхгүй. Энэ намд хэрэгтэй ямар нэгэн зүйл, чанар, туршлага надад байгаа гэж журмын нөхөд маань үздэг бол би зүтгэхэд хэзээд бэлэн байна.

Энэ Их хурал эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой. Бусад улстөрийн хүчний зүрхэнд нь шар ус хуруулдаг бидний гол чанар бол манай намын бат цул эв нэгдэл. Бид энэ танхимаас бие биеийнхээ нүдийг эгц харж нүүрэндээ галтай, зүрхэндээ итгэлтэй гарах ёстой.  Ардын намынхан энэ танхимаас бие биедээ цацсан шаврыг нүүрнээсээ арчаад гарцгаахыг харахыг үнэхээр хүсэхгүй байна. Бид бие биеэ хайрлахгүй бол хэн биднийг дэмжих юм бэ?

Улс төрд шударга, цэвэр өрсөлдөөн  хэрэгтэй. Гэхдээ улс төрд хүн чанар түүнээс ч илүү чухал. Би намын даргын өрсөлдөөнд оролцоно гэдгээ зарласан. Гэвч надад хүн чанар, намын эв нэгдэл ямар ч албан тушаалаас үнэтэй. Энэ миний ажил, амьдралын зарчим, гүн итгэл үнэмшил. Ийм учраас би энэ өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Намайг дэмжиж, надад итгэж, урам хайрлаж, зоригжуулж байсан журмын нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэн маань намайг уужуу монгол сэтгэлээр ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Би Их хурлаас гарсан шийдвэрийг хүндэтгэн сахиж, эв нэгдэл, намын нэгдмэл цул байдлыг хамгаалахыг өөрийнхөө ч, нөхдийнхөө ч ажил, амьдралын шалгуур гэж үзнэ. Намынхаа Их хуралд амжилт хүсье. Ялалт манай гудамжинд ирнэ. Баярлалаа” гэжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж