Намын дүрэмд зааснаар Их хурлын гишүүдээс хамгийн олон санал авч сонгогдсон МАН-ын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгох ёстой. Хэдийгээр албан ёсны дүн гараагүй байгаа ч УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын даргаар сонгогдсон нөхцөлд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад тус намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг санал болгож магадгүй аж.
Гол нь Н.Энхболдыг нэрээ татах үед дагуулаад Байгаль, орчин аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатарыг генсект нэр дэвшүүлэх тохиролцоо фракциудын дунд хийгдсэн байж болзошгүй тул хэвлэлүүдийн урьдчилан бичиж байсан шиг МАН-ын дарга нь М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга нь Д.Цогтбаатар болж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, МАН-ын ирээдүйтэй залуу боловсон хүчинд тооцогдож ирсэн Ж.Сүхбаатар нэр дэвшлээ ч хамгийн олон саналыг Д.Цогтбаатар авч мэдэх юм байна.
Гэхдээ МАН-ын гал тогоог барих хэмжээний мэдлэг чадвар, эр зориг, туршлага байна гэдгээ “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах нар хэвлэлээр дамжуулан дайгаад байгаа.
Ж.Мөнхбат нь У.Хүрэлсүхийн фракцийн хүн. Түүний талд алга ташин гар өргөх гишүүд МАН-ын Их хурал дотор олон бий. Харин Б.Энхмандахын хувьд заалнаас дэмжлэг авна гэхэд бэрхтэй аж. Тиймээс хамгийн олон хүн нэрээ дэвшүүлж өрсөлдөх генсекийн суудалд Ж.Сүхбаатар уу, Д.Цогтбаатар уу, Ж.Мөнхбат уу гэдгийг Их хурлын төлөөлөгчдийн сонголт мэдэх болж байна.