Энэ бол спортын чанар

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Энэ бол спортын чанар

Спортод,
дэвжээн дээр тамирчид өрсөлдөгчөө “дайсан” мэт бодож байж ялалтад
хүрдэг. Сэтгэлзүйн бэлтгэл, дэвжээн дээрх характер гээд өнгөц харахад
тамирчдын дунд үүсэх үл ойлголцол хөндлөнгөөс буруу сэтгэгдэл төрүүлэх
тохиолдлууд байдаг. Гэхдээ их спортынхон ийм “тэмцэл”-ийг эрүүлээр харах
ухаантай хүмүүс.

Боксын Дэлхийн аваргад оролцсон Монголын
тамирчид өчигдөр эх орондоо ирэв. Тамирчдыг тосохоор ирсэн хүмүүс дунд
У.Мөнх-Эрдэнэтэй тулалдаж, сорилд ялагдсанаар дэлхийн аваргад явах
боломжоо алдсан ОУХМ З.Энхзориг байлаа. Хүмүүс, уншигчид чухам тэднийг
спортын өрсөлдөгчид гэхээсээ илүү өстөн дайсан болсон мэт ойлгож, харж,
харагдуулж байсан бол энэ өдөр З.Энхзориг дэлхийн аваргаас хүрэл медаль
хүртсэн “өрсөлдөгч” найздаа баяр хүргэхээр онгоцны буудалд ирсэн нь
спортын ухаантай, эр хүний нүнжигтэй үйлдэл байлаа.
Нэг жинд хэдэн ч
сайн тамирчин байсан нэгийг нь л сонгож, дэлхийн дэвжээнд өрсөлдүүлэх
шийдвэр спортынхны өмнө ирдэг. Ийм байдал ид үедээ байгаа, хүч тэнцүү
тамирчдад хэзээнээс л тохиолдсоор ирсэн.

2009 оны жүдо бөхийн
дэлхийн аваргын өмнө гэхэд л Х.Цагаанбаатар уу, С.Мияарагчаа юу гэсэн
асуултын хариуг гаргах гэж спортынхон бараг хоёр хуваагдаж байсан.
Эцсийн дүндээ Х.Цагаанбаатар явахаар болж, өрсөлдөгч нь нүдэндээ
нулимстай үлдсэн ч Монголын жүдочдын дэлхийн аваргын анхны алтан
медалийг Х.Цагаанбаатар авчирч байлаа. Тэр тэмцээний дараа С.Мияарагчаа
онгоцны буудал дээр найзыгаа тосч, өөрийнх нь тэмүүлж байсан амжилтыг
гаргасанд баярлан, асгартлаа уйлж байсан юм шүү.

Спортынхон ийм л байдаг. Эр хүн, Энхзориг. Та хоёрын хэн хэн нь дэлхийн тулаанчид билээ.

Б.ИРМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж