Гэр хорооллыг хөгжүүлэхийг дэмжлээ | News.MN

Гэр хорооллыг хөгжүүлэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг хөгжүүлэхийг дэмжлээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.10.29/ хуралдаанаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.

Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Манай улсын нийт хүн амын 1.3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөөр иржээ. Үүнээс үүдэн хотын төвд хэт нягтрал үүсэж, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээг хүртэх болон эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдмал байсаар байгаа аж. Тиймээс тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтарч “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгаад байгаа юм байна.

Хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагыг чадавхижуулах ажлыг гүйцэтгэхээр зорьжээ. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдах юм байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн дээрх төслийн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2013 оны 41 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг мөн хуралдаанаар шийдлээ. Энэ төслийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн юм.

Төслийн танилцуулгад дурдсанаар, олон улсын туршлагыг судлан үзэхэд Засгийн газрын үнэт цаасны арилжааг төв банкаар эсхүл Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах нийтлэг зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь тухайн орны санхүү, эдийн засгийн бүтэц, онцлогоос хамаардаг юм байна.

Монгол Улсын санхүүгийн салбарын хувьд арилжааны банк давамгайлсан бөгөөд нийт хөрөнгийн 96 хувийг эзэлж байгаа. Энэ тохиолдолд зөвхөн арилжааны банкууд Засгийн газрын үнэт цаасны хөрөнгө оруулагчид байж чадах бөгөөд өнөөгийн нөхцөлд бусад оролцогчдын оролцоо маш байгаа ажээ. Тиймээс Монголбанкаар “зуучлагч”-ийн үүргийг гүйцэтгүүлж, тус банкаар дамжуулан Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн арилжааг гүйцэтгэх нь манай нөхцөлд илүү тохиромжтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын үнэт цаасыг худалдах, худалдан авах, шилжүүлэх, барьцаалах, репо хэлцэл хийх шат дамжлага бага, хялбар байх ёстойгоос гадна зардал, шимтгэл нь зохимжтой түвшинд байх нь зүйтэй юм байна. Гэвч өнөөгийн байдлаар дээрх гэрээ хэлцлийг хийх шимтгэл, зардал хэт өндөр, шат дамжлага ихтэй байгаагийн улмаас хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварт сөргөөр нөлөөлж буй аж.

Тиймээс дээрх тогтоолд буй “хөрөнгийн зах зээлийг дэмжих бодлогын хүрээнд Засгийн газрын урт хугацаат өрийн хэрэгслийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах арга хэмжээг авах” гэсэн заалтыг хасахаар тусгасан байна.

УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Гарамгайбаатар нар Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжих заалтыг хассанаар энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжих бодлого алдагдана гэж үзэж буйгаа хэлээд энэ шийдэл тийм ч оновчтой бус учир тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байна гэлээ. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн саналтай байсан учир тэрхүү санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2013-10-29 202.21.108.114

ardiin namiinhan bhgui ued yu shiideed bn da a namiinhaan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж