Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Тэр шийдвэрээ гаргасан бололтой. Олимпийн аварга Н.Түвшинбаяр Бразилийн олимпийн наадамд зодоглох магадлал нэмэгдэв. Аварга өчигдөр /2013.10.28/ Чиндаогийн гранприд зодоглохоор, татами дээрээ тамирчны хувиар өрсөлдөхөөр хилийн дээс алхжээ. Энэ бол түүнийг ирэх олимпод барилдаасай гэж  чин үнэнээсээ хүсч байгаа спорт сонирхогчдын хувьд баярт мэдээ мөн.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн гуравдугаар сараас шигшээ багийн дасгалжуулагчийн алба хаших болсон нь түүнийг тамирчны карьертаа цэг тавих нь гэх бодлыг олон нийтэд төрүүлсэн байх. Гэхдээ аварга хариагүй байна. Азаар тэр дэвжээнээсээ буух гэж яарахгүй байгаа юм байна.

Спортын бэлтгэлийн төв, жүдо бөхийн холбоо Н.Түвшинбаяр аваргыг Лондонгийн олимпийн дараа шигшээ багт дасгалжуулагчаар ажиллуулах шийдвэр гаргахдаа хэрэв өөрөө хүсвэл, биеийн байдал, сэтгэлзүйн хувьд боломжтой гэж үзвэл эргэж барилдах шийдвэр гаргах эрхийг нь нээлттэй үлдээсэн юм.

Аваргад барилдах боломж бий. Түүнд Дэлхийн аварга, ирэх олимпийн наадамд амжилт гаргах боломж дүүрэн байгаа.

Бээжингийн олимпийн дараа түүнийг хөл дээрээ гишгэж чадахгүй болж, мэс засал хийлгэхэд нь хүмүүс айж байсан. “Хийдгээ хийсэн аварга хүн одоо болно доо” гэж ачааг нь хөнгөлөх гэсэн улс ч байсан. Харин Н.Түвшинбаяр аварга өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялж, хөл дээрээ босч ирээд дараагийн олимпод хэн болохоо нотлон харуулж чадсан юм. Тэр Бээжингээс Лондон хүрэх замд бэртэж, тэмцэж явсаар бас л гэнэт цойлон гарч ирсэн юм.

Н.Түвшинбаяр аварга хийдэг мэх шигээ нэг л зоригловол дайрсан шиг дайрдаг маш тодорхой зантай хүн. Өнөөдөр Олон улсын цуврал тэмцээний татами дээр гарахаар шийдсэн бол аварга ирэх олимпод өөрийгөө бэлдэж эхэлжээ гэж бараг ойлгож болох байх. Харин найман жилийн хугацаанд хоёрын хоёр хүнд хагалгаанд орсон энэ хүнийг маш зөвөөр, маш ухаалгаар дараагийн олимп хүртэл дасгалжуулах хэрэгтэй.

Зориг байна, зорилго байна. Амжилт байна. Аваргад өөр дутуу зүйл алга.

Н.Түвшинбаяр аваргынхаа дараагийн тэсрэлтийг Бразилийн татамид харах юм шиг итгэл бүр их нэмэгдлээ. Эрт ингэж бичиж байж магадгүй ч тэр сайхан өдрийг монголчууд бултаараа хүлээгээгүй гэж үү.

Б.ИРМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж