
Хуулийн төслийн гол агуулга нь оюутнуудад сар бүр мөнгөн тэтгэлэг олгож буй нь урамшууллын чанартай учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүй байх, цаашид тэтгэлгийн хэмжээг Засгийн газраас тогтоодог болохоор Сангийн яамнаас боловсруулж оруулсан аж.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс Засгийн газар тэтгэлгийн хэмжээг тогтоох нь нэг цаашдаа тэтгэлгийн хэмжээ багасах, зарим тохиолдолд олгохгүй байдал руу шилжих вий гэдгийг сануулж байлаа. Мөн цаашдаа энэхүү тэтгэлгийг оюутан бүрт жигд өгөх үү эсвэл сурлагын түвшин, суралцаж буй салбараар нь ялгавартай олгох уу гэдгийг нарийвчлан судалж боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Оюутнуудын нийгмийн баталгааг хангасан энэ тэтгэлгийг жигд олгох, цаашдаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь сурлага сайтай оюутанд тэтгэлэг олгохоос өөр асуудал. Энэ хуулийг анхнаасаа суралцагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор санаачлан баталсан. Тиймээс хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Арвин “Нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй байна. Их, дээд сургууль энэ тэтгэлгээр далимдуулж бизнес хийх хандлагатай боллоо. Сургуулиуд чанартай боловсон хүчин бэлтгэхээс илүү анги дүүргэлт хийхийг зорьж байна. Мөн сургалтын төлбөр маш өндөр байна. Тиймээс тэтгэлгийн хэмжээг нэмэхээс илүү сургуулиудын бодит зардлыг тооцоо судалгаагаар гаргаж, зардлыг нь хасах хэрэгтэй” гэв.
Гишүүдийн зүгээс оюутнууд 70 мянган төгрөгөө үр дүнтэй зарцуулж байна уу гэх асуултыг тавьсан. Дээрх асуултад БШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр их, дээд сургуульд суралцагчдын 62 хувь нь хөдөө орон нутгийн суралцагчид байгаагаас дөнгөж 14 хувь нь дотуур байранд хамрагддаг. Оюутнууд тэтгэлгийн мөнгөө сургалтын төлбөрийн тодорхой хувь, дотуур байрны төлбөр зэрэгт зарцуулж байна гэх судалгаа гарсан талаар танилцууллаа.
Түүнчлэн цаашдаа Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа энэ үед жилд 106 тэрбум төгрөгийг зөвхөн оюутны тэтгэлэгт зарцуулж буйг шүүмжилсэн.