Хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхээр болов | News.MN

Хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхээр болов

Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.10.29/ хуралдаанаар эхлээд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн энэ оны эхээр батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, шүүхийн нэр, тэдгээрийн байрших газрын нэр, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон.

Уг хуулиар нийслэлийн төвийн 6 дүүргийг хоёр бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан уг хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүссэн байна. Иймээс хуульд заасан шүүхийн байрших газрын нэр болох “Баянзүрх”, “Сонгинохайрхан” гэснийг “Улаанбаатар хот” гэж өөрчлөхөөр тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Харин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын зарим гишүүний гаргасан саналыг харгалзан шүүхийн байрших газрын нэрийг “Улаанбаатар хот” /баруун бүс/, “Улаанбаатар хот” /зүүн бүс/ гэж өөрчлөхөөр тогтсоныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн уг хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан байнгын хорооноос санаачлан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг дэмжив.

   Байнгын хороо дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин илтгэл тавьсан юм.

Тэрээр хэлэхдээ, УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Үүний дагуу шүүхийн багц хуулийн хүрээнд гарч буй зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг шүүх болон хууль хэрэглэх практикт бодитойгоор хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна.

   Хуулийн төслийн агуулга нь эвлэрүүлэн зуучлалын болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаа, түүнчлэн Шүүхийн тухай хуульд нийцүүлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой харилцааг зохицуулсан зарим зүйл заалтуудыг өөрчлөхийн зэрэгцээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх практикт хэдийнэ хэвшсэн боловч хууль тогтоомжид төдийлөн нарийвчлан зохицуулагдаагүй зарим асуудалд найруулгын болон агуулгын шинжтэй өөрчлөлт хийж зохицуулалтын үндсэн санааг хоёрдмол утгагүйгээр тодотгоход чиглэж байгаа юм гэлээ.

   Тухайлахад, эвлэрүүлэн зуучлал нь хоёр талын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр үүсэх, иргэний эрх зүйн маргаан, гэр бүлийн зэрэг харилцаанаас үүсэх талуудын хооронд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсоныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзэх, ийнхүү заасан атлаа шүүхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцолгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох, шүүхэд хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ авах эсэхийг шүүгч талуудаас тодруулж, тэдгээрийн зөвшөөрлийн дагуу холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа шүүхэд хэрэг үүсгэснээс хойш эхэлсэн тохиолдолд ажиллагаа амжилттай болж талууд эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгох, амжилтгүй болж талууд эвлэрч чадаагүй бол шүүх ердийн журмаар хэргийг үргэлжлүүлэн шийдвэрлэх хууль зүйн үр дагавартай байхаар тусгасан байна.

  Мөн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны оролцогч бус шүүх бүрэлдэхүүнд хамаарах субьект болохынх нь хувьд түүний эрх үүргийг тодорхойлж, эрх зүйн байдлыг нь тогтоож өгчээ.

   Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүн Р.Бурмаа шүүн таслах ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчид ямар шаардлага тавьж байгаа, хэрэв тэд хуулиар хориглосон заалтыг зөрчвөл хэрхэх талаар тодруулахад сайд Х.Тэмүүжин “Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч нь шүүгчтэй эн чацуу эрх эдэлж, хэргийг шүүн таслахад санал өгөх эрхтэй болж байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тэдний эрх үүрэг, сонгон шалгаруулах аргыг тодорхой зааж өгсөн” гэлээ. Гишүүн С.Баярцогт эрүүгийн хэрэг дээр шийдвэр гаргахад иргэдийн төлөөлөгч хэрхэн оролцох, нэг хүн шүүх хуралд дахин дахин ороод байхгүй талаар хэрхэн зохицуулсныг тодруулахад сайд “Бусад оронд тангарагтны шүүхийн, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулж хэрэг шийдвэрлүүлдэг ийм хоёр загвар байдаг. Манайд урьд нь иргэдийн төлөөлөгч нь шүүх хурлаас шийдвэр гаргахад ямар ч эрх мэдэлгүй байсан учраас хэрэг маргааныг хоёр шүүгч, нэг иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байх хуулийн зохицуулалттай болсон. Иргэдийн төлөөлөгчийг шалгаруулалтаар сонгон авч жагсаалтад оруулан хэрэг шийдвэрлэхэд оролцуулах учраас шүүх хуралд оролцох давтамжийг холтгож өгч байгаа” гэсэн хариулт өгөв. Харин гишүүн Ц.Оюунбаатар хуульд ингэж хэсэгчлэн өөрчлөлт оруулахгүйгээр Гэмт хэргийн тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэг мөр авч үзэж болохгүй юу гэхэд Х.Тэмүүжин сайд 2012 онд батлагдсан дээрх хуулиудыг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлсэн. Харин хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ оны 11 дүгээр сарын 1-ний дотор хуулийн хэрэгжилтийг хангах бусад ажлыг шийдвэрлэсэн байх ёстой учраас цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаалан эдгээр өөрчлөлтийн тухай асуудлыг оруулж ирж байгааг хэллээ. Мөн тэрээр Засгийн газар хууль зөрчсөнтэй холбоотой асуудлыг яагаад захиргааны хэргийн хүрээнд оруулж ирэхгүй хойшлуулаад байгаа талаарх гишүүний асуултад хариулахдаа “Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулийн төслийг боловсруулж байгаа. Хэрэв энэ хууль хэлэлцэгдэж батлагдвал Засгийн газар захиргааны хэргийн шүүхийн хяналтад орж ирэх юм” гэсэн хариулт өгөв. Харин гишүүн Д.Ганбат шүүхийн багц хууль батлагдаж хэрэгжиж эхэллээ, тусдаа төсөв хөрөнгөтэй, байр савтай болох нь. Харин шүүгчдийн сэтгэхүй, итгэл үнэмшил, мэргэжлийн ур чадвар шинэтгэлд бэлэн байгаа эсэх талаар тодруулахад салбарын сайд “Хууль өөрчлөгдөх, шинэ байр савтай болох нэг хэрэг. Харин тэр эрх мэдэл дээр очсон хүн хүний эрхийг хангах, шударга ёсыг дээдлэх итгэл үнэмшилтэй, боловсрол мэдлэгтэй, ур чадвартай байх нь хамгийн чухал. Энэ чиглэлээр бид шинэ алхам хийж байгаа. Хуульчид их хурлаа хийж мэргэжлийн холбоогоо байгуулж, ёс зүйн дүрмээ баталж, мэргэжлийн хариуцлагын хороотой боллоо. Цаашдаа хуулийн сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, хуульчдыг давтан сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх гээд анхаарах асуудал бий” гэлээ.

  Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ.

  Дараа нь Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тавилаа.

Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Гэвч эдгээр багц хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог хангах зорилгоор Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн үүнтэй уялдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага гарч байгаа аж. Тухайлахад, Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүх хуралдааны дуу болон дүрс бичлэг, шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шийтгэврийг архивлахтай холбогдсон журам, стандарт, үлгэрчилсэн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөл батлахаар заасан ч Архивын тухай хуульд энэ загварыг Улсын дээд шүүхийн Ерєнхий шүүгч, архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлахаар заасан байдаг байна. Түүнчлэн Шүүхийн захиргааны тухай хуульд шүүх хуралдаанд оролцогч болох шүүхийн иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахаар заасныг Тахарын албаны тухай хуульд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг Тахарын алба хангахаар заасантай нийцүүлэх шаардлагатай байгаа аж. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчид нэр дэвшигч нь өргөдөл, хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр заасан хэдий ч “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар”-ыг тусгаагүй орхигдуулсан байсныг энэ төсөлд нэмж тусгасан байна.

Шүүхийн захиргааны тухай хуульд шүүгчид тавигдах шаардлагыг үнэлэх, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулахаар заасан байтал Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дээрх үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл дангаар боловсруулахаар заасан байгаа тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсэгт “Мэргэшлийн хороотой хамтран” гэж нэмж оруулахаар төсөлд тусгажээ.

  Хуулийн төсөл нь хуулийн зарим зүйлийн гарчиг, тэдгээрийн хэсэг, заалтад үг, өгүүлбэр нэмэх, өөрчлөх, хасах, хүчингүй болсонд тооцох, дагаж мөрдөх хугацааг тогтоох гэсэн үндсэн таван зүйлээс бүрдэж байгаа агаад шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгээ салбарын сайд танилцуулсан юм.

  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь эдгээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаанд өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tsetsegee 2013-10-29 180.149.97.110

oorshoo;iin huilia heleltsehgui yumuu ard irged ni huleegeed bhiin demjeed ogoochee gishuudee

Avatar

Зочин 2013-10-29 124.158.107.56

orshooliin huulia hurdan heleltseh heregei ard tumen mon ih huleej bga huuli shu

Avatar

bayaraa 2013-10-29 202.55.191.35

Ene udriin mend ene udaad urshuuliin huuli heleltsegdehgvi um uu hezee um boloo ih hvleej bgaa shv

Avatar

bayaraa 2013-10-29 202.55.191.35

Ene udriin mend ene udaad urshuuliin huuli heleltsegdehgvi um uu hezee um boloo ih hvleej bgaa shv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж