Зад хямдрал байна уу…?

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Зад хямдрал байна уу…?

Нийслэлийн удирдлагууд нийслэлийн өдрөөрөө уламжлалт баярын хурал, бөхийн барилдаанаа цуцлан байж “Их хотын хямдрал”-ыг Чингисийн талбайд зарлалаа. Хямдралыг хүмүүс задгай талбайн зад хямдрал гэж ойлгосон, тэр хэрээрээ ч олноороо цуглав. Бэлэн хувцас, ноолуур, нэхий, хүнс, ундаа, мах сүү гээд дутуу юмгүй худалдааг эхлүүлжээ. Найман настнаас наян настнуудыг хүртэл цуглуулж чадсан хямдралтай худалдаа зорилгоосоо харин  гажаа юу даа гэсэн сэтгэгдэлтэй хүмүүс олон байв. Учир нь 50-60 хувийн хямдрал зарласан газар тун цөөхөн харагдав. Монгол брэндийг дотооддоо үйлдвэрлэж, монгол хүн юү бүтээж болдгийг харуулах зорилго өвөрлөсөн хөнгөн үйлдвэрийн “exclusive” үйлдвэрийн бараа үнэхээр 50 хувь хямдарсан харагдсан. 380 мянган төгрөгийн үнэтэй эмэгтэй хүрэм 190 мянган төгрөг, 280 мянган төгрөгийн үнэ бүхий богино эрэгтэй хүрэм 140 ямнган төгрөг, 26 мянган төгрөгийн цамц 10 мянга, таван мянган төгрөгийн зуны подволк гурван мянган төгрөг болон хямдарчээ. Цахилгаан бараа л гэхэд нэг бүр нь 3-7 мянган төгрөгөөр хямдарч. Голчлон "Монел"-ийн бараа байх бөгөөд тухайн дэлгүүрийн хямдралын карт үйлчлэхгүй гэхээр дээрх хямдрал нь зүгээр л тоо болж хүмүүст харагдав. "Чансаа" гутлын дэлгүүрийн худалдаанаас баргийн хүн наймаа хийхээргүй өндөр үнэ хэлж сонсогдоно. 400 мянгаас дээш үнэтэй гутлыг 10 хувь хямдруулаад ч хүмүүс үзэж, сонирхоос хэтэрсэнгүй. Улирлаа дагаад ч тэр үү нэхий, ноолууран хувцас үйлдвэрлэгчид олноороо хямдрал зарлажээ. "Говь" ХХК 60 хүртэлх хувийн хямдрал зарласан ч яг 60 хувиар хямдарсан бараа олсонгүй. Ихэнхдээ 10-20, дээд тал нь 30 хувь хямдарсан  хүзүүвч, ороолтхон л байх юм.

Их хотын хямдралын хамгийн их хөлтэй газар нь "Мах маркет" ХХК. Тэнд хоёроос гурван давхар дугаарлалт үүсч, бүүр цагдаагаар зохицуулахдаа хүрчээ. Цагдаа нар очиж байж хэд давхарласан хүмүүсийг нэг эгнээнд оруулсан ч хэд нугарсан урт дараалал үүссэн байлаа. Тэнд настнууд голдуу харагдсан. Залуучуудын хувьд мах авахаар дугаарлах завгүй ажилтай байсан нь мэдээж. Ойрхон ажилтай нэг нь цайны цагаа ашиглан ирэв үү гэлтэй үд дунд олны хөл нэлээд нэмэгдсэн. Харин хараад байхнээ бараа худалдан авсан хүн төдий л олонгүй. Хүн хоолноос хэзээ ч татгалздаггүй гэдгээр " Өгөөж"-ийн боов боорцог хамгийн эрэлттэй байлаа. Төд удалгүй "Өгөөж"-ийнхөн “Та жаахан байж байгаад буцаад ирээрэй. Манай бараа хараахан ирээгүй байна” гэчихсэн зогсож байв.

Нэхий дээл бол ёстой л ёоз ёозоороо байна, Чингисийн талбайд. Урьд өмнөх жилүүдэд хамгийн эрэлттэй байсан хүүхдийн нэхий хувцас төрөл бүрээрээ дэлгэгджээ. Нэгээс гурван насны охид, хөвгүүдийн нэхий дээл загвараасаа шалтгаалаад 165-220 мянган төгрөгийн үнэтэй. Харин томчуудынх багадаа л хагас сая төгрөг. Томчуудын нэхий дээлийг 10 хувиар хямдруулах саналыг "Дархан минж" ХХК-ийнхан хэлж байлаа. Харин ноолуур үйлдвэрлэгчид ноолуурыг нийлэг эдлэлтэй хослуулан хүүхдийн хувцас үйлдвэрлэсэн нь хэрэглэгчид талархалтай хандаж байлаа. Дан ноолууран хувцас хөнгөн зөөлөн боловч эдэлгээ даахдаа тааруу, өвдөг тохой нь амархан урагддаг. Тиймээс ноолуураар доторлон, нийлэг эдээр гадарласан хүүхдийн майк, цамц, өмд үйлдвэрлэсний дээр хамгийн амархан цоордог хэсэгт нь нийлэг эдэн оруулгыг донжийг нь тааруулан урласан бүтээгдэхүүнийг "Эвсэг" үйлдвэр гаргажээ.

Энэ удаагийн нийслэлийн өдрөөр магнай нь тэнийж буй хүмүүс бол ТҮК-ийн ажилчид юм. Өчигдөр л гэхэд тэдний төлөөлөл болсон хэд хэдэн хүнийг Гэрлэх ёслолын ордонд хурим хийлгэн “сюрприз” барьсан бол өнөөдөр хямдралтай худалдаанд оролцогсод дулаан нэхий дээлийг ТҮК-ийн есөн хүнд бэлэглэсэн юм. Мөн хямдралтай худалдаанд оролцохоор цугласан олныг бүгдийг нь хамруулсан сугалаат урамшууллыг мөн зарлаж байлаа. Таван богд ХХК л гэхэд 374 азтан тодруулсан бол бусад компаниуд 500 мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн азтан тодруулж байсан юм. Их хотын хямдрал хөл ихтэй байна. Хэрвээ амралтын өдөр энэ худалдааг нээсэн бол илүү олон хүн цуглах байлаа.

М.СУРА


Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж