“Чингис хаан” одонгийн эзэд | News.MN

“Чингис хаан” одонгийн эзэд

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” одонгийн эзэд

Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингис хааны одонг гардуулах аж.

2005 он

П.ОЧИРБАТ

Ерөнхийлөгч Н.Багабандийн сvvлчийн зарлиг нь "Чингис хаан" одон хvртээх тухай бөгөөд зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай байлаа. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хvртэж буй онцгой тохиол таарч байв.

Зарлигт дурдахдаа "П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал, vндэсний эв нэгдлийг бататган бэхжvvлэх, шинэ Vндсэн хууль боловсруулж батлуулах хvндтэй бөгөөд хариуцлагатай vvргийг нэр төртэй удирдан гvйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнvvлж, эх орондоо хvмvvлэнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, vндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжvvлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг vнэлж…" хэмээн өгvvлжээ. Анхны Ерөнхийлөгч ийнхvv "Чингис хаан" одон хvртсэн анхны хvн болов.

2006 он

Б.ШАРАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасvрэнгийн Шаравыг “Чингис хаан” одонгоор шагналаа. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил vр бvтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бvжгийн жvжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин vеийн хөгжмийн урлагийг хөгжvvлж,  дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бvтээснийг ийнхvv өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хvртээжээ.

Одон гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч нэрт хөгжмийн зохиолчид баяр хvргэхдээ “Монголын бахархалыг улам бадруулан оргилуулахад, улс vндэстнийхээ ирээдvйг өөдрөгөөр төсөөлөн бодоход өөрийнхөө амьдрал, зvтгэлээ зориулж, ихийг бvтээсэн ийм хvмvvсийг энэ одонгоор шагнахаар тогтсон. Манай хөгжмийн зохиолч Шаравын туурвисан “Чингис хаан” дуурь бол оюун ухааны том хэмжээний бvтээл билээ. Шаравын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр бол орчин vеийн хөгжмийн сэтгэлгээг өөрчилсөн, баяжуулсан шинэ шатанд гаргасан явдал юм хэмээн vнэлдэг юм. Ингээд Шаравтаа ажил хөдөлмөр, амьдралын хамгийн сайн сайхныг хvсэн ерөөж улам ихийг бvтээн туурвихыг хvсэн ерөөе” гэж байв.

2009 он

Д.БЯМБАСҮРЭН

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагналаа. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчдийн нэг тул ийнхүү шагнуулав. Түүний түүхэн гавъяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хүндэтгэлийн үгээ хадгалуулсан ба үүндээ. “..Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавъяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.

2010 он

Р.ГОНЧИГДОРЖ

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Раднаасүмбэрэлийн Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингэс хааны одон хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Чингэс хааны одон хүртсэн Р.Гончигдоржид хандан, “Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хааны одонгоор шагнаж байна” гэв.

2011 он

Н.БАГАБАНДИ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг  “Чингис хааны одон”-оор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт  “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байна. Энэ жилийн шагналын эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байлаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Энэ жил бол Монголын төрийн түүхэнд онцгой билэг дэмбэрэлтэй жил юм. Түүхт их ойнууд давхацсан энэ сайхан өдөр Монгол Улсын Төрийн тэргүүн зарлиг гаргаж  миний бие Эзэн Богд Чингисийн нэрээр нэрлэгдсэн энэхүү өндөр дээд шагналыг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Ерөнхийлөгч Танд, төр түмнийхээ төлөө зүтгэл, түмэн олныхоо итгэл хайрыг дааж, сайн сайхан үйлс бүтээж, сайн ажилласан Төрийн тэргүүн байгаарай гэж ерөөе” гэсэн юм.

2012 он

Д.ДЭМБЭРЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээлээ.

Ерөнхийлөгч одон гардуулж баяр хүргэхдээ “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.

Таван удаагийн УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын даргын албыг хашиж байсан түүний амьдрал яахын аргагүй парламентийн түүхэнд чухал байр суурьтай байв.

2013 он

Д.СОДНОМ

Энэ жилийн Чингисийн одонгийн эзнийг урьдчилан тодруулах болсноороо онцлог аж. “Монгол бахархлын өдөр”-өөр Чингис хааны одон авах хүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарлав. Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнахаар болжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан түүний талаар “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсын хаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

Чингис хаан мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд тус өдрийн морин цагт Д.Содномд ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах ба, ёслолын ажиллагааг орон даяар телевизээр шууд дамжуулах аж.

Б.МАНДАХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж