Багш нарын бүтээлийн үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Багш нарын бүтээлийн үзэсгэлэн нээгдэв

МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн 55 жилийн ойд зориулсан тус сургуулийн “Багш нарын уран бүтээл”-ийн үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галарейд өнөөдөр болов.

Үзэсгэлэнг нээж тус сургуулийн захирал, доктор профессор Л.Цэрэнсодном үг хэлэхдээ “Өнгөрсөн 55 жилийн хугацаанд манай сургууль олон арван нэрт зураач төрүүлсэн юм. Манай сургуулийн бүтээлч багш нарын уран бүтээл дотоод, гадаадын дүрслэх урлагийн музей, галарей, хувийн цуглуулгын сан хөмрөгт багтсан байдаг. Энэ үзэсгэлэнд өнөөдөр манай сургуульд багшлахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж, багш нарын маань уран бүтээлийг дээжсийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна” гэж онцлон тэмдэглэсэн.

Тус үзэсгэлэнд доктор Ц.Эрдэнэцогтын “Намрын өглөө”, “Намуун орой”, С.Батцоожийн “Чонон сүлд”, дэд профессор С.Батчулууны “Эв эе”, багш Н.Анхбаярын “Увс нуур”, А.Ариунболдын “Bank street”, О.Доржготовын “Дөрвөн хүн, Дөрвөн өнгө”, М.Уранбэрхийн “Хос хийморь”, Д.Булгантуяагийн “Найзууд”, Д.Мөнхбаярын “Налгар намар”, доктор М.Моломжамцын “Этюд-6” уран зураг, доктор А.Энхмаагийн “Ган зам” дууны хөшөөний загвар, доктор Г.Чулуунаагийн “Монгол хатад” торгон зүймэл, доктор Д.Сэрээтэрдоржийн “Чингис хаан” модон сийлбэр, багш Н.Норжинхорлоогийн “Хамар угалз” зүү ороолт, доктор П.Түмэнхишигийн “Манзушир бурхан” зээгт наамал, багш В.Баяржаргалын “Манзушир бурхан” хатгамал, багш С.Урьдынбишийн “Хайчилбар-1”, багш М.Уранмандахын “Намрын навч би-тэнгэрийн солирын хэлтэрхий” холимог техникийн зураг, багш Ө.Батхүрэлийн компьютер графикийн аргаар бүтээсэн “Уйгар үсэг” зураг олон сонирхолтой бүтээл тавигджээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж