С.Болд-Эрдэнэ: Урлагийн тогооноосоо салж чадахгүй ээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

С.Болд-Эрдэнэ: Урлагийн тогооноосоо салж чадахгүй ээ

Драмын театрын хаалгыг онгойлгонгуут хаа сайгүй л сонин хоолойтой "хачин" хүмүүс гүйлдэх. Нүд ам, хувцас хунараас нь харахад эртний хүмүүс босоод, амилаад ирэв үү гэлтэй. Хөндлөнгийн нүдээр тэднийг ажиглавал галзуу хүмүүс л гэмээр. Гэвч тэд бусдад оюуны таашаал өгөхийн тулд ийнхүү эртний хүмүүсийн дүрд хувирсан хэрэг биз. Драмын театрыг зорьсон минь ч учир шалтгаантай. Жүжигчин С.Болд-Эрдэнээс ярилцлага авах. Тэрбээр жийнсэн өмд саарал ноосон цамц өмссөн байсан. Миний хувьд их л өөдрөг уран бүтээлч хүн шиг санагдсан.

-"Хөлтрөг" гэж яг юу гэсэн үг  вэ? Яагаад киногоо ингэж нэрлэсэн юм?

-Хөшиг хаалт гэсэн утгатай. Х.Цэвэл гуайн монгол хэл бичгийн тайлбар толинд “Хөлтрөг” гэдэг үг маань Хөлт-Өрх гэж тайлагдаж байсан. Өрх гэдэг нь ойлгомжтой? Гэрийн өрхийг хэлж байгаа юм шүү дээ. Дөрвөн тийшээ дарсан даруулгыг хөл гэдэг харин энэ хоёр нийлээд “Хөлтрөг” гэсэн нэрийг үүсгэж байгаа  юм. Шашин талаасаа ч гэсэн хөшиг гэдэг зүйл маань аливаа муу муухай зүйлээс хамгаалхыг бэлгэддэг. Тэр ч утгаараа кинондоо ийм нэр өгөхийг хүссэн юм.

-Зохиолыг нь төрсөн эгч чинь бичсэн гэл үү?

-Зохиол нь нэг жилийн өмнө бичигдсэн байсан л даа. Миний төрсөн эгчийг С.Болормаа гэдэг. Жүжигчин, багш  мэргэжилтэй хүн. Зураглаачаар нь Э.Нэргүй гэж залуу ажилласан. Ерөнхийдөө "log" филмийнхэнтэй хамтарсан. Зураачаар нь н.Түмэнхүү гэх залуу ажилласан. Эрдэнэбат маань хөгжмийн зохиолчоор нь ажилласан. “Алтан ураг” хамтлагийн ахлагч шүү дээ. Харин киноны OST-ыг “Татар” хамтлагийн заяа дуулсан байгаа. Киноны баг маань ерөнхийдөө нэг иймэрхүү.

-Сэтгэхүйн драм гэсэн байх аа?

-Тийм, сэтгэхүйн драм чиглэлээр кино маань бүтсэн. Киногоороо 24 цагийн дотор болж байгаа үйл явдлыг харуулсан. Киноны гэрэлтүүлгийг ажаарай. Киног хийхэд дэнгийн гэрлээр гэрэлтүүлсэн. Хэдийгээр хүндхэн байсан ч энэ нь  манай киноны хувьд яах аргагүй нэг онцлог нь. Замилан гэх эмэгтэйн тухай кино. Хүнд үйлийн үр гэж бий. Мөн эх үр гэдэг хоёр зүйлийн далд ертөнц, зөн совингоор холбогдсон байдаг. Хүүхэд бол бэлэг. Түүнтэй зөв харьцах, хайрлах хэрэгтэй. Энэ тухай өгүүлнэ. Ер нь би тайлбарлсанаас хүмүүс өөрсдөө ирээд үзвэл илүү сонирхолтой байхаа. Ер бусын байдалд орохоор хүмүүс яадаг вэ гэдгийг л харуулсан даа.

-Яагаад кино хийхээр болчих воо?

-Яадаг юм. /Инээв/. Би ер нь кинонд их дуртай л даа. Монголын олон сайхан уран бүтээлүүд байна. “Сүүдэр”, “Гарын таван хуруу” гэх мэт олон бүтээлүүд байдаг. Кино үзхээрээ л кино хийж үзэх юм сан гэсэн сэтгэгдэл төрдөг байлаа. Бүр оюутан байхдаа л би төгсөөд кино хийнэ л гэж боддог, мөрөөддөг байлаа. Энэ жилээс л энэ мөрөөдөлдөө хүрсэн дээ. Ер нь болсон болоогүй хайр дурлалын кино байж л байдаг ш дээ. Тэднээс арай өөр өөрийнхөөрөө хийхийг бодсон жанраар киногоо хийсэн. Маш их сонирхолтой учраас л кино хийх болсон.

-Ямар хүнийг жүжигчин хүн гэдэг юм бол?

-Жүжигчин хүнд их сайхан талууд ч байгаа муухай талууд ч бий. Жүжигчин хүн зохиол дотор байгаа тэр дүрийг амьдруулах. Амьдруулахдаа жишээ нь би чамайг өнөөдөр анх удаа харж байна ш дээ. Яг тэрэнтэй адилхан тайзан дээр тэгэж харах ёстой байдаг. Чи бид хоёр зөндөө удаан хамтарч ажиллаад найз нөхөд байлаа гэж бодьё. Харин зохиол дээр, тайзан дээр яг анх харж байгаа юм шиг тэгэж хувирч чаддаг байх л ёстой. Тархиараа, зүрхээрээ дүрээ гаргадаг хүнийг жүжигчин хүн гэдэг. Дүр босгох хүнийг л жүжигчин хүн л гэдэг. Нэг дүрийг босгоно гэдэг хэцүү. Чи бид хоёр бодитой онцлогтой хүн шиг тэр дүр тэр давтагдахгүй хүн байх ёстой байдаг юм.

-Таны хувьд амьдрал ямар байна. Та амьдралыг юу гэж хардаг вэ?

-Миний хувьд амьдрал сайхан ш дээ. Угаасаа л амьдрал бол зовлонтой, жаргалтай, тэмцэлтэй байдаг. Эрүүл байхыг, аз жаргалтай амьдрахыг хүмүүс хүсдэг.  Хүн өнөөдрөөрөө амьдарч сурах хэрэгтэй. Өнөөдөр байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж чадах ёстой. Сайхан гэртээ үр хүүхэд хань ижилтэйгээ сэтгэл хангалуун байх  нь  “аз жаргал”. Өнөөдрөөсөө таашаал авах л аз жаргал юм. Гэхдээ өнөөдрөөсөө таашаал аваад сэтгэл хангалуун байлаа гээд тэр зүйлдээ ханаад урагшлахгүй байхын нэр биш л дээ. Үргэлж хөгжиж урагшилдаг бай. Гэхдээ мөн сэтгэл хангалуун бай.

-Сүүлийн үед киноны сэдэв давтагдах тал бий? Танай киноны хувьд…?

-Манай кино давтагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Хойшид давтагдхыг үгүйсгэхгүй. Бүх Монгол киног би үзээгүй л дээ гэхдээ давтагдахгүй байхаа.

-Сүүлийн үеийн кино хэт мөнгөнийх болжээ гэсэн шүүмжлэл гарсаар байгаа?

-Манай кино урлаг хөгжиж л байна ш дээ. Муу кино гэж шүүмжлэл хэлэхээсээ өмнө кино хөгжихөд санхүү маш их хэрэгтэй. 2008 онд Солонгост хөдөлгөөн гарсан. Кино театрт, телевизээр гарч байгаа киноны 70 хувь нь европ кинонууд байсан. Тэр үед Солонгосын залуу уран бүтээлчид тэмцэл зарласан. Энэ тэмцлийн үр дүнд энэ хувийн тодорхойлолт эсэргээрээ өөрчлөгдсөн. Одоо ч гэсэн 70 хувийн дотоодын кино гаргадаг. Манайд бол эсэргээрээ телевизээр, кино театруудаар дандаа гадаад кино гардаг. Энийг л өөрчилмөөр байгаа юм. Бодлогын хүрээнд өөрчилмөөр байгаа юм л даа. Мэдэхгүй энийг яаж өөрчилдөг юм байгаа юм. Хаанаас нь ч тэр бодлого нь гардаг юм. Дотоодын уран бүтээл 70 хувийн уран бүтээл байдаг ч юм уу. Мөнгөний кино угаасаа л хийгдэнэ. Аль аль нь бүгд л хийгдэх ёстой.

-Та сүсэгтэй юу?

-Би шашинтай хүн биш ээ. Тийм ч их шашинлаг хүн ч биш. Зүгээр яахав тодорхой хэмжээнд Монголд буддын шашин дэлгэрсэн байна. Цагаан сараар нэг мөрөө гаргах ч юм уу тиймэрхүү юм бол байна. Гэхдээ тийм аймаар сүсэглээд байдаггүй л дээ.

-Шинэ залуу жүжигчид гарч ирэхгүй нэг үеийнхэнээр л зогсчихсон юм шиг ээ?

-Би өөрийгөө залуу жүжигчин гэж ойлгож байгаа. Театр ч байсан өөр юу ч байсан залгамж үе гэж заавал төрдөг. Залгамж холбоо байх ёстой л доо. Миний хувьд яалт ч үгүйй дунд үерүү орчих гээд л байна. Гэхдээ гарч ирэх байхаа. Энэ чинь угаасаа жам юм чинь.

-Жүжигчдэд тулгардаг бэрхшээл юу байдаг вэ?

-Яахав байгаа л даа. Зөндөө л байна. Дүр оногдоно тэрэн дээр ажиллахад их шаналгаатай байдаг. Ялангуяа том дүр авах бүр их сэтгэлийн шаналгаатай байдаг. Энэ зөв болов уу?. Буруу болов уу? гэж их олон зүйл бодогдоно. Дээрээс нь цаггүй ажилладаг. Тэгэхлээр ар гэрийн асуудал орхигдох гээд байдаг. Гуравдугаарт, драмын театр улсын байгууллага гэсэн утгаараа цалин бага авдаг. Энэ бол үнэн. Энэ бас нэг л бэрхшээл шүү дээ. Уг нь мөнгөний хойноос бид гүйх биш, мөнгө бид нарт үйлчилж байх ёстой. Тэгтэл бид нарт үйлчлэх мөнгө хүрэлцэхгүй байх талтай. Тийм учраас бид нар гадуур уран бүтээл хийдэг. Гадуур уран бүтээл хийхийн тулд театрынхаа ажилтай зохицох, зохицохгүй байх энэ бол бас л нэг бэрхшээл. Жүжигчин хүний хамгийн том бэрхшээл бол тэр дүрийг амьдруулах. Дүртэйгээ ажиллах энэ бол нэг талаараа стресс юм.

-Тэгвэл жүжигчин байхын  сайхан нь юу байна, таны хувьд шүү дээ?

-Гоё тал бас байна байна. Хаан ч болно, боол ч болно, ер нь юу л бол юу болдог. Зөвхөн суудлын ажилтай хүн бол ширээнийхээ ард л сууж ажилладаг бол жүжигчин хүн тэгэхгүй. Жүжигчин бүх хүнийг судлаж бүх хүний дүрд хувирдаг. Бид нарын хувьд бол маш гоё талууд зөндөө бий. Амьдрал өөрөө баялаг тэр баялагийг амсдаг хүмүүс юм даа. Жүжигчид.

-Тайзан дээр дүр бүтээх, дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээх хоёр юугаараа өөр вэ?

-Театрт ажиллаад тодорхой хэмжээнд нухлуулаад гарсан хүн юунд ч тоглож, ажиллаж чаддаг. Театрын тоглолт хүртэл өөр. Далайцтай байх, хамгийн ард сууж байгаа хүнд юуг хүргэх вэ? Үгийг хэрхэн хүргэх вэ? гэх мэт олон зүйл дээр суралцдаг. Том тоглолт тавилтуудтай байдаг. Бас амны хайрцаг тод чанга жаахан удаанаар тоглож үзүүлдэг. Киноны хувьд яг амьдралых юм шиг байх ёстой. Энгийн үнэн байх ёстой. Үнэндээ кинонд тоглоход тухайн хүний мөн чанар нь гаргах гэж байгаа дүрийн 80 хувь нь байх ёстой байдаг. Төрөлхийн зан чанар дүр төрх нь 80 хувь хувирах нь үлдсэн хувь нь болдог. Театрт 100 хувь хувирч өөрийнхөө дүрийг илэрхийлдэг. Энүүгээрээ л ялгаатай байдаг юм шиг байна лээ ш дээ. / Инээв /  

-Дахин кино найруулах уу?

-Хийнэ ээ, би хийнэ яадаг юм. /Инээв/. Амьд байгаа цагт уран бүтээл хийнэ. Урлагийн тогооноосоо салж чадахгүй ээ.

-Залуучууддаа хандаж үг хэлвэл…?

-Хүн бүр урд урдах ажилаа сайн хийгээд яваасай гэж хэлмээр байна. Хамгийн сайнаараа хэрвээ хийгээд байх юм бол энэ Монгол чинь хөгжих байлгүй дээ. Спил бэрг нэг газар ярилцлага өгчихсөн байсаныг нь олж харсан юм. Түүнээс нэг сэтгүүлч  асуусан юм байна л даа. “Та баян хүн нэртэй алдартай найруулагч яаж энэ амжилтанд хүрсэн бэ? Залуучууддаа хандаж үг хэлээч” гэж л дээ. Тэгсэн чинь “Би кино хийх бүрдээ нэг ч удаа мөнгөний тухай бодож үзэж байсангүй, яавал энэ уран бүтээл чанартай болох вэ? Гэдгийг л бодож байсан түүний үр дүнд л өнөөдөрийг хүргэсэн” гэж хэлсэн байдаг. Яг тэр зүйлийг л би залуучууддаа, өөртөө хэлмээр байгаа юм . Ялгаа байхгүй би ч бас залуу л уран бүтээлч шүү дээ. манай залуучууд ч гэсэн тийм үзэл бодолтой байгаасай л гэж бодож байна.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж