Д.Лувсаншарав нийслэлийн Хүндэт иргэн боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Д.Лувсаншарав нийслэлийн Хүндэт иргэн боллоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин,  хөгжмийн зохиолч, нэрт хормейстр Дагвын Лувсаншаравын Монголын ард иргэд, тэр дундаа нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлс, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар  тогтоолоор  ниислэлийн 14 дэх  “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

“Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуайд нийслэлийн Удирдлагууд чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ.

“Нийслэлийн Хүндэт иргэн”, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав “Хүний амьдралд олон сайхан гэрэлтэй, гэгээтэй мөч тохиолддог.  Өнөөдөр миний амьдралд бас нэгэн сайхан мөч тохиож байна. НИТХ, НЗДТГ-аас надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна. Одоогоос 70 жилийн өмнө  би Улаанбаатар хотын иргэн болж, Дөрвөн хайрхан уулынхаа дунд,  мөнх хөх тэнгэрийнхээ дор гал голомтоо бадрааж байлаа. 1940 оны Улаанбаатар одоогийнхтой харьцуулшгүй өөр болж хөгжсөн гэдэг нь мэдээж. Гэхдээ би залуу халуун насандаа Улаанбаатар хотын 40, 50 мянгатын  орон сууц баригдах үед суурийг нь цутгах ажилд үеийн залуусын хамт оролцож төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ажиллаж байсан. Тийм болохоор Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад миний өчүүхэн ч гэсэн хувь нэмэр орсон шүү гэж бодон бахархаж явдаг даа” гэж нийслэлд анх удаа хөл тавьж, шал голомтоо бадрааж байсан сайхан дурсамжаасаа хуваалцлаа. Тэрээр "Хан бүргэд", Шивээ хиагт, “Нүцгэн ноён”, “Ард Аюуш” дууриуд, “Бөртэ чоно”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Цэцэг нуурын хөвөөнд”, “Алдагдсан тамга”, “Их авхай” тэргүүт жүжгүүд, “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг 20 гаруй кино, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Хурдан зээрд”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” зэрэг 200 гаруй дууны аялгуугаар Монголын урлагийн түүхийн хуудсыг нэмсэн төдийгүй Монгол улсад найрал дууг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гавьяатан юм. Хүүхдийн “Сүлд” дуу болтлоо дуулагдаж буй “Маамуу нааш ир”-ийг Монголын багачууд хэлд орсон цагаасаа дуулж эхэлснээс хойш 57 оныг үджээ,  Тиймээс нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч  Дагвын Лувсаншаравын нэрэмжит болгосон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэлээ.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж