АНУ Германы иргэдийн 361 сая утасны яриаг чагнасан гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

АНУ Германы иргэдийн 361 сая утасны яриаг чагнасан гэв

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба “NSA”-гийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үргэлжилсээр байна. Хэдийгээр олон улс нэг, нэгнээ тагнаж, турших явдал байсаар ирсэн боловч АНУ-ын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл экс ажилтан Эдвард Сноуденээр дамжин задарснаар асуудал үүссэн. Энэ тухай мэдээлэл “Guardian” тэргүүтэй олон сайтаар дамжин олон нийтэд цацагдаад буй юм. Тэгвэл сүүлд Америкийн “Cryptome” сайтад мэдээлснээр АНУ-ын тагнуулын тусгай алба Германд хамгийн их буюу 361 сая, Францад 70 сая, Испанид 61 сая, Италид 46 сая гаруй, Нидерландад 1.8 сая утасны яриаг чагнаж, хуулбарласан гэнэ. Хэдэн саяар тоологдох утасны яриаг АНУ-ын тагнуулын тусгай алба сарын хугацаанд л чагнаж, хуулбарласан гэхээр үнэхээр завгүй байгууллага аж. Үүгээр ч зогсохгүй тус алба дэлхийн 35 орны төрийн тэргүүн, удирдагчдын утсыг чагнасан гэх шум тараад байгаа боловч дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны мэдээллийг Герман, Бразиль улсууд хамгийн эмзгээр хүлээн авсан юм. Германы канцлер Ангела Меркелийн хувьд АНУ-ын эсрэг Европын холбоог хөдөлгөж эхлээд байгаа бөгөөд өнөөдөр /Х.29/ энэ талаар холбооны лидерүүд хуралдаж байна. Бразилийн Ерөнхийлөгч АНУ-д хийх айлчлалаа цуцлах арга хэмжээ авсан билээ. Харин бусад Испани, Итали, Франц улсуудын хувьд дээрх мэдээлэлд нотлох баримт байхгүй тул дэмий л АНУ-аас тайлбар шаардахаас хэтрэхгүй байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж