Хотын даргад хүргэх хов-2

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Хотын даргад хүргэх хов-2

Нийслэлийн
удирдлагууд өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа, гэвч Шархүү нь удаах
гомдлоо тавихгүй бол тэсэх арга үнэндээ алга. Учир юу вэ гэвэл, өчигдөр
Баянхошуунд дахиад л цахилгаан тасрав. Өвөлжилтийн бэлтгэл хангахаар
өнгөрсөн долоо, найм, есдүгээр сарын турш цахилгааны хязгаарлалт хийж
чангалсан хэрнээ аравдугаар сарыг гэмтэл гарсан гэдэг үгээр ам тагласаар
үдэж байна даа.

Гудамжууд аймшиг дагуулам тас харанхуй. Гэртээ
хүрэхийн тулд найман нарийн гудам гарах ёстой. Өөр очих зам үгүй тул
буцах аргагүй.

Уг нь цахилгааны саатал гараагүй үед айл
өрхүүдийн байшингийн цонхны гэрэл замд тусаад бас ч гэж нэмэртэй л
байдаг. Харин гэртээ харих тэрхүү замын гэрэл нь болдог цахилгааныг
тасалчихаар хөгшин хөвөө, хүүхэд, эмэгтэйчүүд баларч байгаа юм.

Айдас
тээсээр хав харанхуй гудамж руугээ зүтгэлээ, хэн ч таарсангүй. Явсаар
байж сүүлийн найм дахь гудам руугаа оров. Цааш алхах тутам нэг урт хар
юм тодрох, буцъя гэвч ард долоон нарийн гудамж бий. Тийм их айдсыг давж
долоон гудамжны ард гарсан хүн урагшаа зүтгэхээс өөр яалтай. Гэтэл өнөөх
урт хар юмны учир тайлагдав. Халамцуу эр хашаа түшээд хурхирч байна.
Хажуугаар нь гүйх шахам өнгөрч баруун тийшээ хурдалсаар гэртээ оров. 

Гэртээ орвол бас л тас харанхуй.
Лаагүй бол гэрт амьдрал харанхуйлах шинжтэй. Цахилгаан тасарсан
шалтгааныг эмээ “Зохион байгуулалттайгаар хийж байгаа ажил” гэж
буруутгаж, өвөө утсаа шүүрэн авч цахилгаан хэзээ ирэх, мөн юунаас болж
саатал гарсныг лавлав.  Дахиад л гэмтэл гарсан гэнэ.Шөнө болгон гардаг
ямар хачирхалтай  гэмтэл вэ.

Уур хүргэмээр нь, зуны гурван сарын
турш өвөлжилтийн бэлтгэл хангаж байна гээд тогны байнгын хязгаарлалт
хийсэн шугаманд нь гэмтэл гарсан бололтой юм.  Гэмтлийг урьдчилж мэдэх
боломжгүй тул засварлаж дуустал нь хүлээхээс аргагүй гэнэ, холбогдох
албаны хүний  тайлбараар бол шүү дээ. Цахилганаа хүлээлээ. Нэг цаг, хоёр
цаг, гурван цаг, тог хаа нэгтээ "унтчихсан" бололтой ирсэнгүй. Тог ч юу
байхав, тогны гэмтэл засдаг хүн нь.  Хачирхалтай нь, Баянхошуунд өдөр
алгасалгүй өглөө, оройгүй цахилгааны саатал гарч байгаа ч нэгмөр
засварлачих инженер байдаггүй гэхээр харамсмаар ч юм шиг. УБЦТС гэсэн
том байгууллагад гарсан гэмтлийг олигтойхон засчих чадвартай инженер 
байдаггүй юм болов уу даа. 

Байнга тог тасарч, цахилгааны
хэлбэлзэл үүсч байгааг хэлэх үү индүү хүртэл тэсэхгүй. Хоёр ч индүүгээ
шатаалгаж, "дашийн шог" болгосон. Ядаж л угаасан хувцсаа индүүдээд
өмсмөөр байдаг, гэтэл нэг бол цахилгаан тасарчихна, эс бол индүү
шатаачихна. Үнэхээр бахардмаар байна. Гэр хорооллынхон гэхээрээ халтар
муухай юмнууд явах ёсгүй биз дээ. Үс нь сэгсийгээд, хувцас нь үрчийгээд
явахын "зовлон"-г ямар манай дарга нар мэдэх биш. Тог, ус, дулааны
хязгаарлалтад өртөж үзсэн биш дээ тэд.

Долоо хоногийн өмнө
санагдана, орой гэртээ харьтал бас цахилгаан тасарчихсан. Үсээ угааж
чадсангүй. Өглөө эрт босоод үсээ угаагаад сэнсдэх болтол бас цахилгаан
тасарчихаж байгаа юм, үнэн лайтай. Өтгөн үсийг ч хэлэх үү, хатахдаа
удаан. Арга буюу арчиж, арчиж, нойтон үстэй гараад алхлаа. Гадаа
гарангуут л дэрийтэл хөлдчихөж байгаа юм. Яамаар ч юм бэ дээ, 21 зуунд
нийслэл хотдоо цахилгааны асуудалтай сууж байдаг. Гэтэл дарга нар гэр
хорооллыг барилгажуулна, цахилгаанаар халаана гэх үлгэр яриад л суудаг.
Хэзээ ч юм.

Манай чанх урд орших Сандаг өвөөгийнх зун канад
загварын их гоё байшин барьсан юм. Цахилгаанаар халаахаар болж байшиндаа
пийшин бариагүй боловч тогтмол гэрэл тасарч байгаа учраас арга буюу
таван ханатай гэр барьсан байна лээ. Дарга нарын ад үзээд байгаа
нүүрсийг түлэхгүй гэвч цахилгаан тасарч байгаа хойно гэртээ ороод
нүүрсээ өрдөхөөс яалтай. Одоо удахгүй идэр хүйтэн тачигнаж эхлэхэд
алдарт утаа суунаглана. Хоолой аргуулж, урдах зам харагдахгүй болно доо.

Ийм байхад Улаанбаатар хот хөгжиж байна, Монгол Улсыг галзуу хөгжүүлнэ гэж ярих дарга нар өөрсдөөсөө ичдэг болоосой.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж