Махны үнэ нэмэгдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Махны үнэ нэмэгдээгүй байна

Дэнжийн мянгын "Хүчит шонхор" захын удирдлагууд лангууны түрээсээ нэмсэн. Түрээсийн үнэ нэмэгдэхээр махны үнэ өснө гэсэн үг. Гэсэн ч "Хүчит шонхор" захын мах борлуулагчид “Махны үнэ өсөөгүй. Шинэ мах элбэг байгаа учир махны үнэ харин ч хямдарсан” гэж ярьж байна.

Улаанбаатар хотын иргэд өвлийн үүцээ базаах цаг ойртлоо. Бохир, гутлын мөр гарчихсан байдаг ч Дэнжийн мянгын "Хүчит шонхор" захаас ихэнх иргэд махаа авдаг.

Дэнжийн мянгын "Хүчит шонхор" захаар очлоо. Захын хашаанд Портер маркийн автомашинуудад гулууз, гулуузаар нь мах ачиж иржээ.

-За ямар мах сонирхож байна. Яриад, хямдруулаад өгнө шүү гэж "Портер"-т суугаа худалдагчид хажуугаар нь өнгөрөх хүн болгонд хэлж байлаа. Мах нь авах юм алга. Тоос шороонд дарагджээ. Гэсэн ч хүмүүс тоос, шороог нь тоосон шинжгүй авсаар байх юм.

"Хүчит шонхор" зах дээр хонины мах гулуузаараа нэг кг нь 4600-5000 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны мах 3800 орчим төгрөгийн үнэтэй. Мэдээж хоёр, гурван ширхэг гулууз мах авсан хүнд бага зэрэг хямдруулна. Хонины гулууз мах ойролцоогоор 23-30 кг-ийн жинтэй гэнэ. Тэгэхээр 25 кг жинтэй хонины гулууз мах авъя гэж тооцвол ойролцоогоор 120 орчим мянга төгрөг болж байна. Гэхдээ 4600 төгрөгийн үнэтэй хонины мах нь хэтэрхий туранхай харагдаж байлаа. Ийм туранхай махаа “яриад” /хямдруулаад/ 4400 төгрөгөөр авч болно гэж ченжүүд ярьж байна. Бараг л "зовлого" шахуу мах харагдсан.

Харин ямааны туранхай махыг 3500 орчим төгрөгөөр зарсан. Туранхай ямааны махыг ченжүүд, хятадууд Эмээлт дээр 1000-1200 төгрөгөөр худалдан авдаг. Туранхай махаа хиамны үйлдвэрүүдэд борлуулдаг гэдэг. Ченжүүд хэтэрхий туранхай махыг “Мянгын мах” гэж нэрлэдэг.

Захын хаалганы ойролцоо Портер машинтай зогсох мах борлуулагчтай уулзлаа. Махаа Эмээлтээс авчирч зардаг гэнэ.

-Мах чинь хэтэрхий шороо, тоостой юм байна шүү дээ. Шаардлага хангахгүй ийм мах оруулж ирлээ гээд мэргэжлийн хяналтынхан торгодоггүй юм уу гэхэд
-Холоос ачсан мах тоос, шороонд дарагдахгүй гэж байхгүй. Захын хянадаг, шалгадаг хүмүүс нь биднийг холоос ачиж ирснийг мэддэг, ойлгодог юм гэлээ. Тэгэхээр худалдан авч буй хүмүүс ч мөн адил холоос ачиж ирснийг нь ойлгодог. Тиймээс худалдаж авах махаа шороотой байсан ч хамаагүй худалдан авдаг бололтой

Бодын махыг хаа, гуя болгон жижиглэн захын хашаан дотор зарж байна. Үхрийн мах кг нь 7000, адууны мах 5000 төгрөгийн үнэтэй байна.

Захын жижиглэнгээр мах  худалддаг лангуунуудыг сонирхлоо. Энд хонины мах ястай нь 5700 төгрөг. Харин ясгүй цул мах 6000 орчим төгрөгийн үнэтэй байна. Үхрийн мах 7000-7500 төгрөгийн үнэтэй. Харин адууны цул мах 5500, тэмээний мах 5700 төгрөгөөр худалдаалж байна.

 Монголын үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын 23-нд гаргасан судалгаагаар үхрийн мах дунджаар 7800, хонины мах 6800, адууны мах 6200, ямааны мах 5500 төгрөгийн үнэтэй байжээ. Тэгэхээр махны үнэ нэмэгдээгүй. Харин ч буурсан үзүүлэлттэй байна.

Хэрвээ та өвлийн идшээ бэлтгэхээр бол Дэнжийн мянгын "Хүчит шонхор" зах дээр мах харьцангуй хямдхан байна. Шинэ махны их байгаа тул одоохондоо үнэ нь тогтвортой байна гэж захын мах борлуулагчид, ченжүүд хэлж байлаа.

Харин та өнөөдөр мах худалдан авахаар бол Дэнжийн мянга захыг зорих хэрэггүй. Учир нь, зөвхөн өнөөдөр “Махмаркет” ХХК хонины махыг нэг кг-ийг нь 3700 төгрөг, ямааны махыг 2700, дайврын таташыг 1100 төгрөгөөр хямдралтай, урамшуулалтай худалдаа зарласан бөгөөд өөрсдийн худалдааны цэгүүдээр зарах гэнэ. Нийтдээ 50 тонн мах худалдаална гэж мэдээлж байна. 

Энэ хямдралтай худалдаа Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15 дугаар хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт  Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Чингисийн талбайд болж байгаа юм.

Б.ОЙНБИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж