31 ажилтнаа халахаар болжээ | News.MN

31 ажилтнаа халахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

31 ажилтнаа халахаар болжээ

Орхон аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв 31 ажилтнаа халахаар болжээ

Улсын
төсөв тасарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны төсвөөс 15 тэрбум
төгрөг танажээ. Үүний улмаас Бүсүүдийн оношлогоо, эмчилгээний төв,
аймгуудын Нэгдсэн эмнэлгүүдийн төсөв мөн л хасагдаж, бүсээ чангалахад
хүрсэн байна. Тэдний дийлэнх нь орон тооны цомхотгол хийн, байгаа мөнгөө
хүргэх замыг сонгож буй аж. Үүнээс өөр сонголт ч байхгүй бололтой.

Орхон
аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв гэхэд 31 ажилтнаа халахаар
болжээ. Учир нь Эрүүл мэндийн болон Сангийн яам цалингийн санхүүжилтийг
нь өмнөх саруудынхаас багасгаж баталсан тул долдугаар сард Орхон аймгийн
Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн ажилтнуудын цалин 80.000-300.000
төгрөгөөр буурсан байна. Тиймээс ажилтнуудаа цөөлж, цалингийн хэмжээ,
бусад нэмэгддийг багасгахаас өөр гарцгүй болсон гэнэ.

Тухайлбал,
Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгодог нөхцөлийн нэмэгдлийг найм,
есдүгээр сард олгоогүй аж. Эднийх уг нь 720 хүний орон тоотой ажиллах
ёстой атал цалингийн төсвийг нь 451 хүнээр тооцон баталж өгдөг гэнэ.
Гэсэн ч 2007 оноос хойш тус төвд хандах үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн тоо
нэмэгдсэн тул ажилтан, ажилчдынхаа тоог цөөн цөөнөөр нэмсээр 506 хүн
болгосой аж. Харин одоо орон тооноос илүү гарсан ажилчдыг цалинжуулах
боломжгүй болсон учраас гэрээгээр ажиллаж байсан мэргэжилтнүүд болог
үйлчлэгч, слесарь, ажиллаад хоёр жил болоогүй байгаа хүмүүсийг орон
тооны цомхотголд оруулахаар болжээ.
Цомхотгох хүмүүсийн дунд нарийн
мэргэжлийн ажилтан байхгүй гэнэ. Эднийх байгаа төсөвтөө тааруулна гэвэл
56 хүнийг ажлаас халах ёстой ч үйлчлүүлэгч олон, эмч, ажилчдын ачаалал
их байдгийг харгалзаад өвчтөнүүдийг чирэгдүүлэхгүйн тулд 31 хүнийг
халахаар шийдвэрлэжээ.

Энэ эмнэлэг 2009 онд Бүсийн оношлогоо,
эмчилгээний төв болон өргөжжээ. Өмнө нь зөвхөн аймгийнхаа иргэдэд
үйлчилдэг байсан бол Бүсийн төв гэгдсэнээс хойш Булган, Сэлэнгэ аймгийн
найман сумын өвчтөнүүд эднийд биеэ үзүүлж, эмчлүүлдэг болсон байна.

Хүүхдийн
болон дотрын нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, одоо ажиллаж буй эмч
нар нь маш их ачаалалтай ажилладаг гэнэ. Байгууллага томрохын хэрээр
бүтэц, орон тоо, төсөв мөнгө нь нэмэгдэх учиртай. Гэтэл Нэгдсэн эмнэлэг
байхад өгч байсан төсөв, орон тоог нь нэмээгүй атлаа харин ч одоо
төсвийг нь танаж, ажилчдыг нь халуулж байна.

Эрүүл мэндийн яам
асуудлыг шийдэж, ажлаа хийж чадахгүй байгаагаас ийм зүйл болж байна гэж
тус төвийн удирдлага, эмч, ажилтнууд үзэж байгаа аж. Өдгөө тус төвийнхөн
ажлаа улам сайжруулна гэхээсээ алдагдалгүй, байгаагаас нь дордуулалгүй
ажиллахыг чухалд үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж