Гар аргаар ашигт малтмал олборлогчдод хайгуулын зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Гар аргаар ашигт малтмал олборлогчдод хайгуулын зөвшөөрөл олгоно

Манай улсын 18 аймгийн 57 сумын 100 гаруй цэгт 35100 иргэн гар аргаар ашигт малтмал олборлож байгааг эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн бичил уурхайн салбарт 100-аад мянган хүн ажиллаж байгаа ажээ. Эдгээр иргэдийн 90 гаруй хувь алт олборлодог бөгөөд тэдний үйл ажиллагаа нь байгаль орчин болоод хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм. Иргэд гар аргаар алт олборлохдоо химийн хорт бодис цианит болон мөнгөн усыг ямар ч хяналтгүйгээр ашиглаж, байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулахын дээр улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй байна. Иймээс ЭБЭХЯ-наас ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг хоршоолол болгон нэгтгээд тэдэнд хайгуулын тусгай зөвшөөрөлтөй газар олгох журмыг санаачилжээ. Тус журманд хайгуулын зөвшөөрлийг тухайн орон нутгийн засаг захиргаанаас хайгуул хийх боломжтой газруудыг сонгож зааж өгөхөөр тусгасан байна. Ингэснээр гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг хянах боломж бүрдэх бөгөөд нөгөөтэйгүүр тэднийг нийгмийн даатгалд хамруулж, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх боломж олгох юм байна.  Бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд 2008 онд нийт 564 кг алт улсад тушааж байсан бол өнгөрсөн онд 400 кг цэвэр алт 380 кг бохир алт тушаажээ. Энэ нь гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн тоо өссөөр байгааг харуулж буй юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж