Ерөнхийлөгчтэй саналаа хуваалцаарай

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчтэй саналаа хуваалцаарай

МАН-ын Их хурлын сураг ажиг, эрүүл мэндийн салбарын бужигнаан зэрэг сэдвүүд голлосон твиттерчидийн нэг өдөр тайван өнгөрлөө. Гэвч энэ өдрийн онцлох жиргээ нь ерөнхийлөгчийн оруулсан “Сайн уу жиргээчид ээ. Төр, эдийн засаг. асуудал, шийдэл гэсэн сэдвээр саналаа хуваалцана уу” гэдэг байв.

Ингээд “асуудал” гэх сэдвүүд ч ерөнхийлөгчийн твиттер хуудас руу ар араасаа “нисэлдэв”.
 
– Улс орон урт, дунд, богино хугацааны хөгжлийн цэгцтэй, судалгаатай, тогтвортой бодлогогүй байгаа нь хамгийн том асуудал биш гэж үү?

– Дэд сайд, төрийн байгууллага, компаниудын дэд захирал, газар хэлтсийн орлогч даргын орон тоог цомхотгож төсвөө хэмнэе.

– Хаа ч ёс зүй үгүй бол төрийн суурь ганхах болно. Ёс зүйд хүндэтгэлтэй хандахгүй бол шийдэл хэзээ ч зөв гарахгүй.

–  Тамхины хууль шиг архины олигтойхон хориг хууль хэрэгтэй бна архинаас болж олноороо урэгдэж байна.

– Хүнээ хөгжүүлье! Амиа намаа биш ард түмнээ боддог улс төрчидтэй болъё. Намын санхүүг ил болгоё! Төрийн өмчийг багасгая.

–  Өдөр ирэх тусам амьдрал хунд болж байна юмны унэ осоод л вальют нь өсөөд монгол төгрөг юу ч биш болж байна.

– Хоёр хоногийн дараа гэмтэлийн эмнэлгийн бүх эмч ажилчид бүгдээрээ ажил хаяна. Том асуудал шүү!

гэх жиргээг онцлоё. Хамгийн сүүлийн жиргээ болох эмч нарын ажил хаялт жиргээчдийг багагүй талцуулаад авлаа. Нэг хэсэг нь “Манай эмч нарт цалин, нийгмийн асуудал сонин биш харин даргын суудал аймаар сонирхолтой, ажил хаяна, өргөдлөө өгнө, өлсөнө…Эмчийн өргөсөн тангараг, ёс зүй нь хаачив аа.Даргын асуудал өвчтөнөөс илүү гэж үү!!!!! Хагалгаа хийх эмчгүй болжээ” гэж шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь “Өлсөж үхэх гэж байхад тангараг ямар хамаатай юм. Тэд чинь боол биш. Монгол эмчийн цалин, нөхцлийг гадны хоригдол ч голно” гэх зэргээр жиргэцгээв. Эмч нарын хувьд даргын томилгоог эсэргүүцэн “ГССҮТ эмнэлэг болохоос бялуу биш” гэх зэрэг лоозон барин эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд нөгөө талд нь салбарын сайд Н.Удвал “эмч нар ажлаа хаявал хуулийн хариуцлага хүлээлнэ. Энэ эсэргүүцэл нь хэдхэн хүний явуулга. Би хэн байгаа гэдгийг нь мэдэж байна” гэж байр сууриа илэрхийлж байгаа юм.

Мөн энэ өдрийн онцлох жиргээнүүдийг Цахим болжмор миний бие өөрийнхөө амбицаар тодруулав. Өнөөдрийн шилдэг улс төрийн жиргээгээр “МАН их хурал нь замбараагүй, завхарсан юм болчихвол ямар л олиг байхав дээ. Хүссэн хүсээгүй улсын хувь заяанд нөлөөлөхөөс хойш, баярлах юун” гэх @aanhaa-гийн жиргээ.  Өдрийн шилдэг хардлага жиргээгээр  “Их хурал болох гээд даргад горилогч нар аймгуудын төлөөлөгч нарыг архин далайд умбуулж арав таван цаас карманд хийж байгаа” гэх @MongolAr-ийн жиргээ. Өдрийн шүүмжээр “Одоогийн залуус сонин юм аа… Үндэснийхээ баяр наадмаар ганц дээл өмсчихдөггүй юм байж. Хаа хамаагүй Халловэнээр чөтгөр шулам болоод явах юм” гэх @bayanmunk ийн жиргээ. Шилдэг онч үгээр “Эрчүүд минь, бүсгүйчүүдтэй хэзээ ч бүү тулалд. Ялсан ч, ялагдсан ч бидний хувьд шившиг” гэх @erdenebatd ийн жиргээ шалгарлаа. Мөн өдрийн бодит байдлыг илэрхийлсэн жиргээгээр “Танин мэдэхүйн нэвтрүүлэг үнэндээ үгүйлэгдэж байна шүү. Саятан, 50 саяын уналт гээд бий. Гэхдээ мэдэх шаардлагагүй асуулт ихтэй нь тиймэрхүү” гэх @enkhmandakh3 –ийн сэтгэгдэл шалгарсан байна. Шалгарсан эздэд шагнал байхгүй бөгөөд сайхан ааш хөдлөвөл дахин шилдгүүдийг шалгаруулах болно.

Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж