УИХ-ын дарга Элчин сайдын хувь нэмрийг өндөр үнэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Элчин сайдын хувь нэмрийг өндөр үнэллээ

УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Сарнычийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

   УИХ-ын дарга  З.Энхболд уулзалтын эхэнд манай хоёр орон өнө эртний уламжлалд тулгуурласан ахан дүүгийн харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинэжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тэрээр цааш нь, БНТУ-д хийсэн УИХ-ын даргын албан ёсны айлчлал амжилттай болсныг дурдаад энэ үеэр Ерөнхий сайд Р.Т.Эрдоан, Туркийн ҮИХ-ын дарга Ж.Чичек нартай уулзаж маш дэлгэрэнгүй ярилцаж чадсан гэдгээ онцлов. Мөн ирэх хавраас манай улсад орон сууцны хороолол барихад зориулж туркийн талаас 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ, үүнийг дагаад Турк улсын барилгын компаниудын туршлага, шинэ технологи  нэвтрэх байх, ингэснээр манайд өндөр үнэтэй байгаа орон сууцны үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэлээ.

  Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд БНТУ-ын ТИКА байгууллага чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад тус байгууллагын шугамаар эдийн засгийн үр ашигтай томоохон төсөл, нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг онцолсон юм.

 Ноён Сарнычи Монгол Улсад бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд Монгол-Туркийг холбосон олон зүйл хийснээ дурдаад үүний нэг нь БНТУ-ын Ерөнхий сайд болон Монгол Улсын Их Хурлын дарга айлчилсан явдал юм гэдгийг онцлов. Тэрээр мөн Монгол Улс цаашид Турк улс руу 7 хоногт хийж байгаа  нислэгийн тоогоо нэмэгдүүлэх санал тавилаа. “Ингэснээр Турк Улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. БНТУ жилдээ 36 сая жуулчин хүлээн авдаг. Тиймээс манай хоёр орон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бүрэн боломж байна” гэдгийг ноён М.Сарнычи хэлсэн юм.

УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Монгол-Туркийн харилцаа, хамтын ажиллагааны бүхий л хөгжил дэвшилд ноён Элчин сайдын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдгийг хэлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдэээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж