Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрөгч долоогоос есдүгээр сарын хооронд 0,8 хувиар өсч өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр төвшинд хүрлээ.
Их Британийн ДНБ-ний өсөлт 2010 оны 4-6 дугаар сарын хооронд 0,7 хувиар өсч байсан юм. “Эдийн засгийг сэргээх бодлого баримталж, өнгөрсөн жилүүдэд аж үйлдвэрээ дэмжсэн нь ийм амжилтад хүргэлээ” гэж Их Британийн шадар сайд Ник Клегг ярьжээ. Мөн түүнээс гадна энэ оны эхний хагаст барилгийн салбарын өсөлт 2,5 хувиар илүү гарсан байна. Засгийн газраас барилга бүтээгчдэд чиглэсэн бодлого явуулсны дүнд ийм үзүүлэлтийг гаргасан ажээ. Харин нийтийн үйлчилгээ болон хувийн секторийн өсөлт тус бүр 0,4-0,7 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Ингэснээр сүүлийн гурван сарын туршид Их Британийн эдийн засгийн бүх төлөв өсөлттэй гарсан амжилтыг үзүүлээд буй билээ.
Б.СҮХ