МАН-ынхан толгойгоо сэргээж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

МАН-ынхан толгойгоо сэргээж байна

Бага хурал, Их хурал гээд үндсэндээ гурав дахь өдрөө хуралдсан МАН-ын төлөөлөгчид толгойгоо сэргээхээр одоо “Аса циркт” хүндэтгэлийн тоглолт үзэж байгаа аж. Гэхдээ энэхүү хүндэтгэлийн тоглолтыг орон нутгаас ирсэн төлөөлөгчид гол төлөв сонирхож толгойгоо сэргээж суугаа бол томчууд нь намын даргад сойх хүмүүсээ бэлтгээд тун завгүй болсон тухай яриа дуулдаж байна.

Тухайлбал, МАН-ын Их хуралд томоохон ач холбогдол өгч өглөөнөөс орой хүртэл идэвхитэй сууж буй Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар улстөрийн тоглолтдоо оржээ. Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдыг намын даргад өрсөлдүүлэхээр сойж буй юм.

Харин намын даргад өрсөлдөхөө бүлгийнхээ гишүүдэд урьдчилан дуулгаж том загнасан УИХ-ын дэд дарга М.Энхболд тэднээс түрүүлж Их хурлын гишүүдийг татах талын ажиллагааг өнөөдөр өглөөнөөс эхлүүлсэн нь С.Баяр нарыг хөдөлгөөнд оруулсан бололтой. Тэгээд ч одооноос хөдлөхгүй бол оройтож мэдэх талтай юм байна. Их хурал өнөөдөр 20.00 цагаас үргэлжилнэ. Тэр үед намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой санал шүүмжлэл өрнөнө. Үүний дараа намын удирдлагын өрсөлдөөн болох юм. Гэхдээ хуралдаан 24.00 цагт завсарлах ёстой. Хэрэв цаг сунган хуралдвал намын дарга өнөө шөнөдөө тодорно, цаг сунгахгүй гэвэл маргааш өдрийн хуралдаанаар шинэ даргыг тодруулах өрсөлдөөн болно гэсэн үг юм. Ийнхүү хоёр Энхболдын нэгийг С.Баяр сойж бэлтгэл хангаж байгаа бол нөгөө нь өөрөө, өөрийгөө сойх жишээтэй. Тэгвэл МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн “Шинэчилье” хөдөлгөөний гишүүн Т.Аюурсайханыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ирлэж суугаа гэх бор шувуу ниссээр байна.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж