У.Мөнх-Эрдэнэ: Бэлтгэл дутуу байлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ: Бэлтгэл дутуу байлаа

Казахстаны Алматы хотноо болсон 17 дахь удаагийн насанд хүрэгчдийн боксын тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Манай улсыг төлөөлөн Казахстанд долоон тамирчин өрсөлдсөн. Үе, үеийн боксын медалийн цувааг Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ таслалгүй хүрэл медаль эх орондоо авчирсан юм.

Ингээд Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэе.

 

У.Мөнх-Эрдэнэ: Зорилгоо үнэхээр биелүүлж чадсангүй

-ДАШТ-ийн хошой хүрэл медальтан боллоо. Монголын ард түмэндээ сэтгэгдлээ хуваалцаач?

-Миний хувьд Казахстанд болсон ДАШТ энэ онд оролцсон хоёр дахь томоохон тэмцээн байлаа. Өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн. Биеийн ерөнхий бэлтгэл сайн байсан ч гэсэн тэмцээний өмнөх спаринг, олон улсын бэлтгэл сургуулилтаас шалтгаалаад өндөр хүнтэй тоглох бэлтгэл дутуу байлаа. Хэрвээ олон улсын тэмцээнд олон оролцоод, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бол үүнээс илүү амжилт үзүүлэх боломжтой санагдаж байлаа. ДАШТ-д оролцоход долоон хоног сэтгэл зүйн бэлтгэлтэй байлаа. Тэмцээний өмнө нэг сарын хугацаанд бэлтгэлд гарахад 21 хоногт нь спарингд бэлтгэл базаасан. Спарингд ялсныхаа дараах долоо хоногт сэтгэл зүйгээ бэлдлээ.

-Таныг ДАШТ-ий дараа зодог тайлж магадгүй гэсэн яриа байна.

-Үгүй ээ. Би олимпийн дараа зодог тайлах талаар ярина. Миний зорилго бол 2016 оны олимпод оролцох, амжилтаа ахиулах гэж зөндөө ярьсан. Мөн 2015 оны ДАШТ-д оролцох нь миний бас нэгэн зорилго юм.

-ДАШТ-ий шүүлтийн талаар юу ярих вэ?

-Шүүлт зүгээр, сайн байсан.

-Тэмцээний зохион байгуулалтын хувьд?

-Манай улсын боксчид Казахстаны тамирчидтай учраа таараагүй. Ер нь бол Монголын тамирчдыг рингэнд гарахад маш их дэмжиж байсан. Манайхан нутагтаа байгаа юм шиг л тоглосон.

-Монголын ард түмэндээ хандан юу гэж хэлэх вэ?

-Тэмцээний үеэр дэмжиж байсан монголын ахан дүүстэй маш их баярлалаа. Яг өөрийнхөө бодож, хүсч байсан амжилтдаа хүрээгүй ч гэлээ боксын түүхэнд 114 орон оролцсон хамгийн том ДАШТ-ээс медаль хүртсэндээ баяртай байна. Монголын боксын түүхээ ч медалийн буухиагаар таслаагүйдээ баяртай байна. Спортдоо маш их хөрөнгө мөнгө хаядаг БНХАУ, Энэтхэг зэрэг улсууд медаль хүртээгүй буцсан. Мэдээж медаль авсан ч гэсэн зорилгоо үнэхээр биелүүлж чадсангүй.

Мөн ДАШТ-д оролцсон тамирчдыг тосохоор ОУХМ З.Энхзориг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд очсон байлаа. ДАШТ-ийн өмнө Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ОУХМ З.Энхзориг сорил тоглолт /Спаринг/ хийж, ялсан юм. Манай улсын шигшээ багийг бүрдүүлэх журам ёсоор 2013 оны боксын Улсын аварга, 2013 оны шилдэг боксчин З.Энхзориг ДАШТ-ийг зорихоор байсан. Гэсэн ч Монголын сонирхогчдын боксын холбоо Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн саналыг хүндэтгэн, сорил тоглолт хийхээр болсон юм. Халз сорил тоглолтод У.Мөнх-Эрдэнэ туршлагатай гэдгээ харуулан, 2:1-ийн харьцаатай ялсан юм. Ингээд найзыгаа тосохоор очсон ОУХМ З.Энхзоригийн сэтгэгдлийг хүргэе. 

 

ОУХМ З.Энхзориг: Найздаа баяр хүргэе

-У.Мөнх-Эрдэнэ таныг ялж, ДАШТ-ийг зорьсон. Спаринг тоглолтын өмнө болон дараа нь та хоёрын дунд бага зэрэг “асуудал” үүссэн гэсэн. Гэсэн ч өнөөдөр та өрсөлдөгч У.Мөнх-Эрдэнэ тосохоор ирсэн нь их сайхан санагдлаа.

-Тийм ээ. Юуны өмнө Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнээ гаргаж, медалийн буухиа таслаагүй найздаа баяр хүргэе. Бид хоёр рингэн дээр өрсөлдөгч хэдий ч рингнээс буугаад сайхан найзууд байдаг. Дэлхийн хошой хүрэл медальтан болсон найздаа баяр хүргэе.

-ДАШТ-ий үеэр “Хэрвээ би явсан бол ингэх байсан даа” гэсэн бодол төрж байв уу?

-Ер нь бол тийм бодол төрөөгүй. Хэрвээ би явсан бол үүнээс илүү амжилт гаргаж болно. Аль эсвэл эхний тоглолтдоо ялагдаж, тэмцээнээс эрт хасагдаж болно. Тамирчин болгон ялахын төлөө дэвжээнд гардаг болохоор тухайн өдрийн тэнгэр мэднэ дээ. Ямар ч байсан У.Мөнх-Эрдэнэ явсан. Медальтай эх орондоо ирлээ.

-У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө Кубын тамирчинтай тоглосон. Энэ тоглолтын талаар юу хэлэх вэ?

-Ер нь шүүлт сонин болсон. Гэхдээ Монголын ард түмэн энэ тоглолтыг үзсэн юм чинь мэдэж байгаа биз ээ. Миний бодлоор У.Мөнх-Эрдэнэ боломжийн сайн тоглосон. Өрсөлдөгчөөсөө дутахааргүй тоглосон гэж бодож байна.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж