Ч.Дамдиншарав: Мөөеө “Чамайг дэлгээд өгнө дөө” л гээд байсан

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Ч.Дамдиншарав: Мөөеө “Чамайг дэлгээд өгнө дөө” л гээд байсан

Аравдугаар сарын 20. Эдүгээгээс яг 45 жилийн тэртээх нэгэн өдөр буюу 1968 оны аравдугаар сарын 20-нд монголын спортын түүхнээ нэгэн онцгой үйл явдал тохиож шударга тэмцэл, эрүүл өрсөлдөөний талбар олимпийн наадмын хүрэл медалийг монгол хүн анх удаа хүртэн суу алдраа мандуулсан бөлгөө.

Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпийн XIX наадмын чөлөөт бөхийн хамгийн хөнгөн жин буюу 52 кг-д барилдаж энэхүү дуулианыг дэгдээсэн хүчтэн бол өдгөөгийн Гавьяат тамирчин, Ардын багш, алдарт дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншарав болой. Түүний анх хөл тавьсан, түүний анх мөр гаргасан олимпийн медальтны хүндлэл дээдлэлийн манлайн зогсоолд түүнээс хойш өнөөг хүртэл 22 монгол саатаж төрийнхөө далбааг мандуулж сүлд дууллаа эгшиглүүлжээ. Хувь хүн болоод Монгол Улсын үүх түүхэнд гэрэлтэн үлдсэн тэр нэгэн он жилийг дурсахаар Ч.Дамдиншарав багштай уулзаж цөөн хором хөөрөлдөв.

-1968 он, олимпийн жил гаруут шигшээгийн тамирчдын хувьд яриа хөөрөө ондоо л болоод явчихсан байлгүй?

-Өө тэгэлгүй яахав, бүгд л сайн барилдах тухай өөр зуураа ярилцаж байгаа юм. Хамгийн харамсалтай нь өрсөлдөгчөө судлах боломж одоогийнхоос хавьгүй муу байв, тэр үед бичлэг, энэ тэр ч байхгүй, тэр тухай төсөөлөл ч байхгүй.

-Шигшээгийнхэн тэр жил бэлтгэлээ хаанаас эхлээ вэ?

-Тэрэлжээс. Хоёрдугаар сарын эхээр тэнд гараад байтал хотоос эхнэр утсаар ярьдаг юм, “Хүүхдийн бие муу байна. Ирэх боломж байна уу” гэж. Учир байдлаа багш нартаа хэлтэл явуулдаггүй шүү. Аргаа барж байтал ашгүй Биеийн тамир, спортын Төв зөвлөлөөс “Дамдиншаравыг нааш нь яаралтай явуул” гэсэн хэл ирснээр чөлөө өгсөн.

Анхны хүү минь төрөөд дөнгөж зургаан сар болж байсан юм л даа, тэгэхэд. ирэнгүүтээ л эмнэлэг орж эхнэртэйгээ хоёул сахиад нэмэр болоогүй. Хүүгээ “тогтоож” дийлээгүй алдчихсан даа…

-Яасан харамсалтай юм бэ. Юун бэлтгэл сургууль хийх, юун уралдаан тэмцээнд оролцох болсон байх даа?

-Үгүй тэгээд яахав. Сэтгэл санаа хямраад хэцүүхэн байсан ч эргээд бэлтгэлдээ орж удалгүй Европыг зорьсон. Улсаас улс, хотоос хот дамжин хамтарсан бэлтгэл, уралдаан тэмцээнд оролцож явсаар дөрөвдүгээр сарын сүүлчээр л эх орондоо ирж байгаа юм. Гэртээ хэд хоноод тавдугаар сарын эхээр эргээд л Тэрэлжид бэлтгэлээ үргэлжлүүлсэн.

Тэгж байтал улсын наадам боллоо. Мөөеө, Баянаа хоёр үзүүр түрүү булаалдсан наадам. Наадмын дараа Отгонтэнгэрийн амралт руу явж бэлтгэл хийх шийд гарсан.

-Отгон хайрхны амралтыг сонгосон нь ямар учиртай юм бол?

-Отгоны амралт далайн төвшнөөс 2200 метрийн өндөрт бол олимп болох Мексик 1900 метрийн өндөрт байдаг учир цаг агаарт дасах зорилгоор энэ амралтыг сонгосон хэрэг. Долдугаар сарын 25 гэдэг их халууны үе шүү дээ. Бүгд л нимгэн хувцастай зунаараа очиж байгаа юм. Гэтэл Отгон хайрхны бэлээд өгсөхөд л цас, бороо холилдон орж юу юугүй даарч, хувцсаа давхарлаж өмссөөр рашаан сувиллын газарт хүрэхэд дандаа үстэй дээлтэй хүмүүс угтдаг байгаа. Тэнд бид 40 хоносон. Эхний долоо хоногт нойр муудаж толгой эргэж заримын маань хамраас цус гоожоод хэцүүхэн байсан ч аажимдаа цаг агаарт нь дасч бэлтгэлээ хийж эхэлсэн дээ.

-Энд тэнд очиж бэлтгэл хийхэд газар орны онцлог, байдлаас гадна хоол унд нь их нөлөөлнө биз?

-Харин тэндхийн хоол унд дэндүү чанартай, элбэг дэлбэг. Бид нэгдүгээр хоолоо л арай гэж бардаг байсан гээд бод доо. Цагаан идээ сайтай. Харин могой ихтэй болохоор түүнээс айдаг хүмүүст жаахан төвөгтэй.

-Тухайн үед олимпод барилдах бөхчүүдийн нэр зүс тодорчихсон байв уу?

-Үгүй үгүй, тэр тухай ямар ч мэдээлэл байхгүй. Багш, дасгалжуулагчид хоорондоо юугаа ярьдгийг мэдэхгүй. Миний хувьд 57 кг-д барилдана гэдгээ багш, дасгалжуулагч нартаа үргэлж сануулахад нэг их тоож байгаа шинжгүй. Отгон хайрхны амралтаас буухын өмнөхөн багш нар өрөөндөө дуудлаа. Яваад очвол О.Цэрэндагва багш, С.Магсар багш, зөвлөлтийн мэргэжилтэн гурав байна, мэргэжилтэн багш надтай ярилцлаа. С.Магсар багш орчуулагч нь. Бодвол тэд надтай юу гэж ярихаа урьд нь зөвлөлдөөд тохирчихсон байсан биз. Надаас ямар бодолтой байгааг минь сонирхохоор нь “57 кг-д л барилдана, би Б.Сүхбаатараас илүү амжилттай байгаа, жин хасч чадахгүй. Эсвэл сорилт хийе, ялагдвал тэр л биз” гэлээ. Гэтэл мэргэжилтэн багш хэлж байна.

-Юу гэж…?

-Ямар ч гэсэн чамайг олимпийн бүрэлдэхүүнд оруулсан. Мэдээж жин хасах амаргүй л дээ, гэхдээ улс эх орныхоо эрх ашгийн үүднээс нэг удаа жингээ хасч 52 кг-д барилдвал яасан юм бэ. Медаль ч авах боломж байна. Чиний жинд С.Сүрэнжавыг нэгээр мэдүүлэг өгнө, за сайн бод, сүүлчийн боломж чинь ч байж мэднэ гэж байна.

-Ингээд л жин хасч 52 кг-д барилдахаас өөр аргагүй болсон уу?

-Тийм ээ. Отгонтэнгэрийн бэлтгэлээс ирж хотод долоо хоноод олимп эхлэхээс 35 хоногийн өмнө Мексикийг зорьсон, тэндхийн цаг агаарт дасах зорилгоор.

-57-гоос 52-т ортол жин хасах гэж мажийсан биз?

-Өө ярихад ч яс янгинамаар. 14 хоногийн өмнөөс жингээ хасч эхэлсэн. Чөлөөтийн барилдаан дөрвөн өдөр үргэлжлэх учир аажмаар жиндээ орох бодлого барьж байхгүй юу. Жин хасахад эхний 3, 5, 7 хоногийг тэвчээртэй давбал цаашид зовлондоо дасч, өлсч цангахыг тоохоо больдог. Миний хувьд бага зэрэг мах зажилж, шоколад, түүхий өндөгний шарыг уух маягтай. Жин их хасахаар сүүлдээ гадаа хэчнээн халуун ч хөл, гар даарч хамаг бие халуу шатдаг болно. Чулуун шалан дээр хэвтэж амарна. Хүйтэн усаар амаа их зайлснаас уруул хуурайшиж хагарна. Бэлтгэл дээр өчнөөн ноцолдоод ч хөлс гарахаа больж саунд суухад чийгтэх төдий. Толгой эргэн хөл гуйвна. Ингэж зовж байхад багш нар, багийн эмч Н.Тарваа гуай, манай Д.Адьяатөмөр, С.Сүрэнжав нар хөл, гар базалж бүлээцүүлэ.х Энэ бүхэн жин хасдаг тамирчдын нийтлэг “зовлон” доо. Ийнхүү өөртэйгээ “ноцолдсоор” арай гэж хоёр өдрийн өмнө жиндээ орж санаа амарсан даа. Тэгээд хэнтэй, яаж барилдах тухайгаа л бодох цаг.

-Олимпийн үеэр П.Дагвасүрэн арслан Танаас нэг зүйл их чухалчилж асууж байсан тухай яриа байдаг. Юу асуугаа вэ?

-Аа тэр үү, асуухаа ч хатдаа. Нутгаас явахын өмнөхөн аав минь хотод ирж намайг онгоцонд суулгахдаа рашаан, жаахан элс, утлагын арц, тарнийн үсэг зэргийг өгч билээ. Түүнийгээ нөхдөөсөө нууна аа, бас. Тухайн үед шашин, энэ тэр хориотой ч манайхан өөрсдийн лам багшаас авсан арцаа байрандаа уугиулж ариулаад төрж өссөн нутаг усандаа залбирч ялахын итгэл өвөртлөөд л дэвжээнд гардагсан. Нусны алчуурынхаа буланд хийгээд зангидчихсан тарнийн үсгийг минь Дагваа арслан үзчихээд “Үүний ид шид гэж байх уу” гэж ирээд л тоглоом шоглоом болгон нүүрийг минь улалзуулсан удаатай.

-Мексикийн дэвжээнд Та эхэлж хэнтэй барилдсан билээ?

-Египетийн бөх Могиу Мухамидтай, түүнийг 8:1-ээр, дараа нь туркийн бөх, европын хошой аварга, дэлхийн аваргын шагналт байрын эзэн М.Эсенжелийг 4:0-ээр цэвэр ялаад италийн В.Грасситай таарч гурван онооны илүүтэй болоод байтал шүүгчид барилдааныг зогсоож өрсөлдөгчид маань цэвэр ялалт өгчихсөн.

-Яагаад вэ..?

– Миний толгойг уур­галахаар нь хоёр хуруунаас нь татаад тавиултал нөгөө итали орилоод хэвтээд өгдөг юм. Болсон явдал ердөө л энэ, бодоход хуруунаас буруу татлаа л гэж баашилсан байх.

-Манайхаас удирдаж явсан дарга, багш дасгалжуулагчид энэ тухай дуугараагүй хэрэг үү?

– Албаны хүмүүс хэчнээн яваад ч амжилт олоогүй. Надад үнэхээр харамсалтай байсан. Дэвжээнээс буулгүй уйлаад сууж байхад хүчээр хөөж байгаа юм чинь. Тухайн үеийн дүрмээр хармаандаа шагналын зургаан оноотой дэвжээнд гардаг байв. Оноогоор ялахад 3:1, тэнцэхэд 2:2, цэвэр ялахад 4:0 гэхчилэн шагналын оноо өгнө. Ингээд би зургаан онооноос тавыг нь алдаж дараагийн тойрогт оноогоор ялагдахад л “ажил дуусах” болзолтой үлддэг юм. Надад зөвхөн цэвэр ялалт л хэрэгтэй байсан болохоор зоригтой, шийдмэг барилдаад л төөргөө харах ганцхан зам үлдсэн дээ.

-Унгарын бөх, европын аваргын мөнгөн медальт Мартин Эрдошийг хэлсэндээ хүрч цэвэр дарж дээ, тэгвэл…?

-Тэгсэн, 4:0-ээр цэвэр ялаад дараа нь ХБНГУ-ын бөх, европын аваргын хүрэл медальт П.Неффийг 4:0-ээр цэвэр ялж хүрэл медалийн болзол ханган зорьсондоо хүрсэн дээ.

-Гайхалтай, Таны авсан энэ хүрэл медаль монголын тамирчдын олимпиос авсан анхны медаль шүү дээ…?

-Тийм ээ, анхны медаль гэж бодохоос цээж рүү нэг юм өөрийн эрхгүй огшоод… Намайг дэвжээнээс буухад багийнхан минь баяр хүргэж “Медаль авсан гэж тайвширч болохгүй шүү” гэж зөвлөж байв. Ц.Нацагдорж, Д.Адьяатөмөр, Б.Намжим нар “Мөнгөн медаль гарцаагүй чинийх боллоо. Тэр америк чамтай барилдаан таарахгүй” гэцгээгээд л.

– АНУ-ын бөх Р.Сандерсийг хэлж байна аа даа?

-Тийм, тэр хэдийгээр дэлхийн аваргын хоёр медальтай ч 1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр би түүнд ганцхан онооны зөрүүтэйгээр ялагдаж байсан болохоор “дарна” л гэсэн бодол толгойд эргэлдэж байв. Дэвжээнд гарахдаа Адьяатөмөр, Нацагаа хоёрт “За, хувцасны зах сайн мушгина шүү, хаашдаа л медальтай болчихсон хүн хамаг байдгаа шавхана” гэж хэлээд аав, ээж, Богд ууландаа залбирч байлаа. Эхний зургаан минутад 7:3-аар би ялж явсан ч сүүлчийн гурван минутад “түлхүүр” мэхэнд нь орж оноо алдсанаар цаг дууссан. Шүүгчид удаан зөвлөлдсөний эцэст бид хоёрыг тэнцсэн гэж зарласан ч удалгүй америкийн бөхөд ялалт өгчихсөн дөө. Ингээд би сүүлчийн буюу долдугаар тойрогт японы бөх, олимп, дэлхийн аварга О.Накататай хүч үзэхээр гарав. Өмнөх даваанд хамаг “бензин”-ээ дуусгачихсан болохоор эхний таван минутад хоёр оноо авсан хэдий ч өмсөх мэхэнд нь тэсэлгүй цэвэр даруулсан даа.

-Тэр өдөр олимпийн мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нарын барилдааныг Та харсан уу?

-Намайг барилдаж байхад Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат нар ч шигшээд шалгараад байсан учир бид бие биеийнхээ барилдааныг харж чадаагүй.

-Чухам тэрхүү бие, сэтгэл эзэмдсэн ялахын их хүсэл нь гаднах төрх байдлаараа яаж илэрч байсан бол…?

-Ж.Мөнхбат америкийн бөхтэй барилдахаар гарахынхаа өмнө их л нервтчихсэн хоёр гараараа ээлжлэн хана цохиж “Чамайг дэлгээд өгнө дөө” хэмээн ганцаараа яриад байсан бол Д.Сэрээтэр хар цагаан үггүй тонгойн сууж хааяа сунгалт хийнэ. Харин Т.Артаг огт санаа зовсон шинжгүй “За, хэдүүлээ медаль заавал авна шүү” хэмээн урам хайрлаж байсансан…

-Медалийн тавцан дээр, урьд нь монголчуудаас хэн ч хүрч үзээгүй гишгүүрт хөл тавьж монголчуудаас хэн ч авч үзээгүй олимпийн медалийг хүзүүндээ анх зүүхэд ямархан бодол төрж байсан бол…?

-Эх орон, ард түмнийхээ олон жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлж чадсандаа л баярлаж байсан даа. Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат нар маань ч медалиа зүүж монголчууд бөөн баяр л болцгоосон. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч байсан даа.

-Олимпийн анхны медальтнуудаа монголын ард түмэн сүр дуулиантайгаар угтсан биз. Таны гаргасан бахдам амжилтыг түмэн олон урмаар шагнаснаас гадна төр засаг ямар “бурмаар” мялаасан нь сонин байна?

-Өдгөө зөвхөн түүх болон үлдэж дээ. Олимпоос ирээд арав гаруй хонож байтал “Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тамирчдыг шагнах гэнэ” гэсэн яриа гарсан. Амихандаа би дотроо гавьяат тамирчин болох нь дээ гэсэн шүү юм бодож байтал талаар болдог байгаа. Олимпод шагналт байрт орсон Ө.Эрдэнэ-Очир гуайд гавьяат тамирчин цол олгосон атлаа олимпийн хүрэл медальтай Т.Артаг бид хоёрыг Хөдөлмөрийн хүндэт медалиар л шагнаад өнгөрсөн. Хүн төрөлхтөний их баяр олимпоос медаль авах нь бүү хэл шагналт байрт орно гэдэг Монгол Улсын хувьд өндөр амжилт. Энэ утгаараа Эрдэнэ-Очир гуайд гавьяат өгсөн нь нүдээ олсон шагнал. Мөөеө аварга 1967 онд, Сэрээтэр Мехикогийн олимпийн өмнөхөн Тбилис, Дан Коловын хоёр том тэмцээнд түрүүлээд гавьяат болчихсон байв. Намайг олимпиос медаль авснаас гурван жилийн дараа буюу 1971 онд гавьяат тамирчин цолоор шагнасан нь юу ч биш санагддаг. Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан Т.Артаг маань бүүр хожуу 1990 онд ардчиллын буянаар гавьяат болсныг бодоход харамсал төрдөг.

-Таныг Мехикогийн олимпоос ирээд нутагтаа очиход аавыг тань шоронд хийчихсэн байсан гэж дуулсан, үнэн үү?

-Үнэн үнэн. Цай, хоол оруулж өгөхөөс өөр ямар ч арга хүүд нь байгаагүй дээ, тэгэхэд.

-Юунаас болж аавыг тань хорьсон хэрэг вэ?

-Муу аав минь бага залуугаасаа хийдэд шавилан сууж бурхны шавь болсон юм билээ. Миний өвөө халхын 13 тамгатай хутагтын нэг Б.Содномцэрэн гэж хүн байгаад хэлмэгдүүлэлтэд өртөж 1937 онд цаазаар авахуулсан гэдэг. Нутаг усныхан ааваас минь нас, жил, төөргөө асуух гэж шөнө дөлөөр ирж нууцаар уулздагсан. Тухайн үед “шашин бол хар тамхи” гэгддэг байсан учир сумын хэсгийн төлөөлөгч, намын гишүүдээс их дөлнө. Сүүлдээ нутаг усандаа байх хэцүү болоод 1966 онд Хайрхандулаан сум руу шилжсэн. Тэгээд ч нэмэр бололгүй бүр шорон орондоо тулсан хэрэг.

-Тантай цуг олимпоос анх медаль хүртсэн хүчитнүүдийн талаар сонирхмоор байна. Мөөеө аваргатай хэрхэн танилцсанаа дурсаач?

-Бидний хэдэн хүүхдийг шигшээгийнхэнтэй бэлтгэл хийхийг О.Цэрэндагва багш зөвшөөрснөөр тухайн үеийн мундаг бөхчүүдийг ойроос харах, хамт байх боломж нээгдэж байлаа. Тэр үеэс л Мөөеөтэй хааяа таарахдаа толгой дохин мэндэлдэг болсон. Тэгэхэд тэрбээр Санхүүгийн техникумын оюутан байсан юм билээ. Буржгар үстэй, бүдүүн хүзүүтэй цагаан залуу. Нэлээн задгай амтай, хажууд нь хамаагүй, дэмий юм яривал шууд л “хусдаг” тухай урьд нь дуулсан болохоор мэнд мэдэхээс хэтрэхгүй. Мөөеө тэмцээн дөхөхөөр маш их хэвтэнэ. “Хоол идэх, бэлтгэл хийх хоёроос бусад үед сайн хэвтвэл бяр орно” гэж ярина. Бид ч түүнийг дуурайгаад хэвтээд байна. Тухайн үед барилдаан арван минут үргэлжилдэг байв. Таван минут болоод завсарлагатай. Жин их хасаад олон минут барилдана гэдэг амаргүй. Ёстой л нэг тэвчээр шалгана даа. Дэвжээний захад яаж барилдах, арван минутаа яаж зохицуулж хүчээ хуваарилах, хэдийд оноо авах, хэдийд оноо алдахыг хүртэл Мөөеө надад тодорхой хэлж өгч зөвлөдөг сөн. Нэгэнтээ Мөөеө бид хоёр эхлээд ганц хоёр оноо дутуу явж байгаад сүүлчийн нэг минутад довтолж 2-3 оноо авч ялах тактик хэрэглэж гадаадын өрсөлдөгч нараа буулгадаг байлаа.

Тэр дэндүү хашир хүн, хашраасаа болж 1966 оны дэлхийн аваргаар медалиас мултарч дөрөвдүгээр байр эзэлсэн.

-Д.Сэрээтэр харцагатай шигшээд олон жил “нухлагдсан” биз?

-Д.Сэрээтэр бол олон талын үлгэр жишээ авахаар хүн. Хөдөлмөрч, барилдааны өвөрмөц авьяастай, ядарч цуцахыг мэдэхгүй зүтгэнэ. Задгай хөлстэй, хөлөрчихөөрөө хэнд ч барьц өгөхгүй. 74 кг дэлхийн томчууд олонтой жин. Мань эр ч хатуу сугалаа татна, царай нь барайчихсан л явж байдаг сан…

-Т.Артагийн тухайд…?

-Баг дотроо дотны андын минь нэг Т.Артаг байв. Артагийг бид Агаев гэх, хэн анх тэгээд нэрлэчихсэн юм, бүү мэд. Бодоход, Сэрээтэр л анх тэгж нэрлэсэн болов уу. Бид шигшээд олон жил тамирчин байгаад сүүлдээ “Алдар”-т хамт зүтгэж байлаа. Амьдралын хар ухаантай, аливааг олон талаас нь сэтгэн бодох чадвар сайтай. Хүн чанараар дэндүү сайхан “амьтан” байсан даа.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж