Испани АНУ-аас тайлбар шаардлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Испани АНУ-аас тайлбар шаардлаа

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба өнгөрсөн арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын хооронд Испанийн иргэдийн 60 сая гаруй утасны яриаг чагнаж, хураасан гэж “El Mundo” сонинд мэдээлжээ. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Испанийн Засгийн газраас өнөөдөр /Х.28/ тус улсад суух АНУ-ын Элчин сайдыг тайлбар өгөхийг шаардсан байна. Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдэхдээ “Бидэнд манай улсыг тандаж, туршсан гэх нотолгоо байхгүй боловч АНУ-ын Элчин сайдаас тайлбар авахаар дуудсан” гэжээ. Түүнчлэн Испанийн зарим мэдээллийн хэрэгслээр АНУ-ын тагнуулын тусгай алба Засгийн газрын зарим гишүүн, улстөрчдийг тандаж туршсан гэж мэдээлээд байгаа аж.

Өмнө нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба Францын иргэдийн 70 сая утасны яриаг чагнаж, Мексик, Бразиль,Германы зэрэг дэлхийн 35 орны ерөнхийлөгч, төрийн өндөр албаныхан, удирдагчдын утсан харилцааг тандаж, туршсан гэх мэдээлэл цацагдаж, шуугиан тариад байгаа билээ.

“The Guardian” сонины сэтгүүлч Гленн Грийнволдын мэдээлснээр АНУ-ын тагнуулын тусгай алба “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээ сайт, цахим шуудан, интернэт хайлтаар дамжуулан хүмүүсийн мэдээллийг цуглуулдаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж