Шинэ дотуур байр ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Шинэ дотуур байр ашиглалтад орлоо

Архангай аймгийн Чулуут, Их Тамир сумдад шинээр баригдсан дотуур байр ашиглалтад орлоо. Улсын төсвөөс 600 гаруй сая төгрөг зарцуулж бариулсан шинэ дотуур байр 75 хүүхдийн багтаамжтай. Гэвч дээрх хоёр сумын сургуульд холоос ирж суралцдаг олон хүүхэд байдаг учир одоогоор 100 гаруй хүүхэд амьдарч байна. Хүн ам өсөхийн хэрээр цэцэрлэгийн болон сургуулийн байрны хүрэлцээ муудаж, жил ирэх тусам хэрэгцээ, шаардлага нь өссөөр байгаа. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн жилээс сургууль, цэцэрлэг, дотуур байр, спортын танхим зэргийг нэмж байгуулан, хүүхдийн сурч, боловсрох орчныг сайжруулахад ихэд анхаарч байгаа юм. Тухайлбал, нэг жилийн дотор цэцэрлэг, сургууль, дотуур байрны зориулалттай 102 барилга ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж, одоогоор 80 барилга хүлээн аваад байна. Үүний хоёр нь эдгээр дотуур байрууд. Барилга угсралтын “Тамирын цахиур” ХХК дээрх хоёр байрыг зургаан сарын дотор барьж дуусгасан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БШУЯ-ны Барилга, захиалагчийн ажлын албаны төлөөлөл Чулуут, Их Тамир сумдад ажиллаж шинэ байрны нээлтэд оролцон, дотуур байранд зориулж гал тогооны иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж олгох батламж гардуулсан юм.

Дулаан байртай болгож өгсөнд баярлалаа

Чулуут сумын дунд сургуулийн 9-р ангийн сурагч Д.Бат-Өлзий:

Хуучин дотуур байрны хана нь цуураад, шал нь цөмөрчихсөн болохоор их хүйтэн байдаг байсан. Дээр нь паар нь сайн халж өгөхгүй их даардаг байсан. Бас их жижигхэн өрөөтэй болохоор дээд тал нь таван хүүхэд л ордог байсан. Харин шинэ байр маань их дулаахан, тохилог бас их том өрөөтэй. Одоо манай өрөөнд л гэхэд 10 хүүхэд амьдарч байгаа. Дулаахан байртай болгож өгсөнд баярлалаа.

Их Тамир сумын дунд сургуулийн 8-р ангийн сурагч Н.Цээвэлдолгор:

Би өмнө нь дотуур байранд амьдардаггүй байсан. Эндээс хоёр километр зайтай эмээгийнхээсээ хичээлдээ ирдэг байсан юм. Одоо харин шинэ дотуур байр баригдаад энд амьдрах болсондоо баяртай байна. Энэ байр дотроо бие засах өрөөтэй нь их сайхан санагдаж байна. Бас их дулаахан, маш тохилог юм. Ийм гоё дотуур байранд найзуудтайгаа амьдрах болсондоо баяртай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж