Сү.Батболд: МАН залуучуудаа дэмжиж ирсэн

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Сү.Батболд: МАН залуучуудаа дэмжиж ирсэн

МАН-ын Их хурал одоо завсарлаад байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн, намын дүрэмд оруулах гол өөрчлөлт юу болох талаар УИХ-ын гишүүн, МАН-ын Их хурлын төлөөлөгч Сү.Батболд, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нараас тодрууллаа.

-Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хэлэлцэж байгаа гол асуудал нь юу вэ, төлөөлөгч нарын зүгээс өнгөрсөн сонгуульд ялагдсан шалтгааныг юу гэж үзэх юм?

-Энэ удаагийн Их хурлаар намынхаа амьдрал, шинэчлэлийн асуудал, үүссэн шинэ нөхцөл байдлын талаар илэн далангүй ярьж байна. Нам маань сөрөг хүчний байр суурин дээр байна.

Нөгөө талаар МАН Монгол Улсын ууган, хариуцлагатай улс төрийн хүчний хувьд нам доторх алдаа, оноо, өнгөрсөн сонгуулиудаас авсан сургамж, түүний дүгнэлт, цаашаа яаж ажиллах ёстой вэ. Үүнтэй холбоотойгоор намын дүрэмд ямар өөрчлөлт оруулах ёстой юм, намынхаа эрмэлзэх зүйлсэд анхаарах зүйлс юу байна вэ гээд олон асуудлыг ярьж байна. Тэр дундаа намынхаа үйл ажиллагаа, арга барилыг яаж сайжруулах ёстой вэ гэдэгт гол анхаарал хандуулж ярилцаж байна.

-Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Хуучин намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүмүүсээ буцааж татаж намын төвдөө залахаар тусгасан нь шинэчлэл хийгдэхгүйг харууллаа гэж дүгнэх гишүүн цөөнгүй байна. Ер нь танай томчууд залуусаа дэмжихгүй байгаа юм биш үү. МАН-ын дарга хэн болох бол, лав залуусаас болохгүй бололтой?

-МАН бол харьцангуй залуучуудаа дэмждэг нам. Намын удирдлагыг авч үзэх юм бол тодорхой хугацаанд сонгуулиар үүрэг хариуцлагаа үүрсэн шиг үүрч, алдаа гарвал хариуцлагаа хүлээсэн шиг хүлээж ирсэн.

Бидэнд гурван үеийн алтан холбоо байдаг. Тэр дотроо залуучуудаа дэмжих, намын удирдлагад залуусаа гаргаж ирэх талаар эрх барьж байгаа улс төрийн хүчинтэй харьцуулахад илүү их дэмжиж ирсэн юм шүү дээ.

Манай намын удирдлагад туршлагатай улстөрч, шинэ эрч хүчтэй улстөрч тодорч гарч ирж болно. Мөн энэ бүгдийн нэгдэл ч байж болно. Үүнийг намын Их хурал өөрөө шийддэг. Үүрэг нь чөлөөт өрсөлдөөний зарчмаар нийт гишүүдийнхээ дунд нээлттэй ярилцлага явуулж байж шийддэг. Тийм болохоор намын дарга чөлөөт өрсөлдөөн дунд тодорно гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Намын дарга өнөөдөр тодрох болов уу?

-Намын амьдрал, шинэчлэлтэй холбоотойгоор гишүүдэд маань ярих зүйл маш их байна. Тийм болохоор санал, шүүмжлэл маань цаг их авахаар байна. Үүний дараа удирдлагын асуудлаа ярилцана.

Ж.Сүхбаатар: Хүний нөөцийн бодлогод цоо шинэ дүрэм мөрдүүлнэ

-МАН-ын дүрэмд оруулж байгаа гол өөрчлөлт юу вэ? 

-Намын дүрэмд 100 гаруй өөрчлөлт тусгасан. Онцолж хэлэх юм бол намын удирдлага зохион байгуулалт, намын санхүүжилт, намын дарга, Удирдах зөвлөлийн хороондын харилцаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг анхан шатны хэлэлцүүлгээр тодруулдаг байх тухай асуудал, намын үйл ажиллагааны арга барилтай холбоотой асуудлууд. Намын сонгуультан буюу Бага хурлын гишүүдийн хариуцлагын асуудал. Тэр дундаа хариуцлагын асуудлыг чангатгаж байна. Тухайлбал, Бага хурлын гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаа 2-оос дээш удаа ирээгүй бол, гишүүний татвар хураамжаа дөрвөн улиралд төлөөгүй бол, аймаг, нийслэлийн намын хороо тайлан тавиад хангалтгүй дүн авбал Бага хурлын гишүүнээс нь эргүүлэн татдаг байх.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүний тоо 31 байгааг 21 болгох, гадаадад байгаа МАН-ын гишүүдийн дэмжигчдийн хүрээнд намынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, зохион байгуулалтад оруулах зэрэг олон асуудлыг дүрмэнд тусгаж өгсөн. Нэлээд шахсан өөрчлөлт гэж хэлж болно.

-Намын даргын илтгэлд “МАН-ын үйл ажиллагаа 200-хан гишүүний дунд эргэлдэж ирлээ. Тэдгээр нь төрийн албанд томилогддог, ажил албаа хариуцлагатай хашиж чаддаггүй, эргээд энэ нь намд сөрөг нөлөө үзүүлж, сонгуульд ялагдах гол шалтгаан нь болж ирлээ” гэж шүүмжилсэн. Энэ талын алдааг засах, хариуцлага алдсан гишүүнийг эргүүлэн татах талын заалтууд дүрмийн өөрчлөлтөд суусан уу?

-Тийм ээ, Ө.Энхтүвшин дарга тавьсан илтгэлдээ “Хүний нөөцийн бодлогын хувд явцуу хүрээнд эргэлдээд байна. Зөв зарчим, шударга зарчим гаргах ёстой. Сонгон шалгаруулалт явуулахдаа тойрон хүрээлсэн биш, явцуу хүрээнд бишээр явуулъя” гэж хэлсэн. Тийм учраас бид хүний нөөцийн бодлого журам дээр цоо шинэ журам гаргаж, мөрдүүлье гэж үзээд төсөлд бүрэн суулгасан. Уг нь одоогийн дүрэмд энэ талын зохицуулалтууд бий, гол нь мөрддөггүй байсантай л холбоотой юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж