Д.Сүрэнхорлоо ОУОХ-ны цом гардлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорлоо ОУОХ-ны цом гардлаа

ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, МҮОХ-ны гишүүн Д.Сүрэнхорлоод өнөөдөр Олон улсын олимпийн хорооны цом гардууллаа. Спорт, олимпизмийн үйлст оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр түүнд “IOC Trophy” хэмээх хүндтэй цом гардуулсан байна. ОУОХ-ноос анх 1994 онд 100 жилийн түүхэн ойг зориулж, “IOC Trophy” цомыг гардуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас анхны цомыг 1968 оны Мексикийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат хүртэж байжээ. Дараагийн шагналыг ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магванд гардуулсан бол өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “IOC Trophy”-гийн эзэн болсон юм.

Энэ жилийн шагналтан Д.Сүрэнхорлоогийн тухайд цанын спортоор тамирны замналаа эхлүүлж, улмаар дасгалжуулагч, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Замчин” клубын захирал, Сүхбаатар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын алба хашиж, төрийн спортын байгууллагад 40 гаруй жил зүтгэжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж