“Эсгийн хотоос-Их хот” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

“Эсгийн хотоос-Их хот” үзэсгэлэн нээгдлээ

Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Эсгийн хотоос-Их хот” архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар оролцлоо. Эсгий хотоос-Их хот үзэсгэлэнд нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй нийслэлийн түүхэн баримтуудыг дэлгэн харуулсан байна. Тухайлбал, БНМАУ-ын анхдугаар их хурал 1924 оны 10 сарын 29-ний өдрийн хуралдаанаар хуучин Нийслэл хүрээ хэмээх нэрийг халж, БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хэмээх ардын хувьсгалын шинэ цагийн нөхцөлд тохируулан нэрлэхээр шийдвэрлэсэн, хотын түр захиргаа байгуулсан зэрэг он цагийн түүхийг харуулсан архивын баримт, гэрэл зураг, хотын түр болон жинхэнэ захиргааны дүрэм, Улаанбаатар хотын хамгийн анхны ломбард  байгуулсан тухай нугалбар бичиг, хотын захиргаанаас гаргасан анхны эрхзүйн актууд зэрэг ховор сонин баримтуудыг эх хувиар дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэн нь нийслэлийн өдөр буюу 10 дугаар сарын 29 хүртэл ажиллах бөгөөд иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж