“Монголын амжилтаар бид бахархдаг шүү”

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

“Монголын амжилтаар бид бахархдаг шүү”

-Канадын Амбан захирагч ноён Дэвид Жонстон Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Амбан захирагчийн төвшинд анхных болох уг айлчлалын талаар болон Монгол орон ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар ноён Дэвид Жонстонтой ярилцсан юм-


Канадын Амбан захирагч ноён Дэвид Жонстон Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Амбан захирагчийн төвшинд анхных болох уг айлчлалын талаар болон Монгол орон ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар ноён Дэвид Жонстонтой ярилцсан юм.

Хууль зүйн ухаанаар мэргэшсэн эрдэмтэн, багш энэ хүн гурван жилийн өмнө дээрх албан тушаалд томилогдсоноор улс төрд оржээ.  Түүний намтраас сөхвөл 1966 онд Куинсийн Их сургуулийн хуулийн диплом, 1965 онд Кембрижийн Их сургуулийн хуулийн диплом, 1963 онд Харвардын Их сургуулийн бакалаврын эрдмийн зэрэг хамгаалсан. Түүнийг АНУ-ын Харвардын Их сургуулийн гадаадад ажиллаж байгаа багш нарын зөвлөлийг удирдсан анхны гадаад хүн гэж онцолдог. Зохиогчоор болон хамтран бичсэн 20 гаруй номоо хэвлүүлсэн эрдэмтэн судлаач. Мөн шаггүй сайн тамирчин явсан хүн. Тэрээр Харвардад суралцаж байх хугацаандаа бүх Америкийн хоккейн шигшээ багт хоёр удаа багтаж байснаараа бахархдаг. Үнэндээ ч Канад бол өвлийн улирал, өвлийн спортын төрлүүд сайн хөгжсөн гэдгээрээ алдартай орон билээ.  

-Юуны өмнө сэтгүүлчдийн хүсэлтийг хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.
 

-Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон та бүхэнтэй энэ өглөө уулзаж, ярилцлага өгч байгаадаа туйлын баяртай байна. Юуны өмнө албан ёсны айлчлал болон тэр дундаа танай төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтууд надад ямар гүн сэтгэгдэл үлдээсэн талаар дурдмаар байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та бүхэнтэй үзэг нэгт сэтгүүлч хүн юм. Тэрээр надад үзэгний хүч чадал агуу гэдгийг дурдаж, тэртээ 1990 онд энэ талбай дээр бусад нөхдийнхөө хамт жагсаал цуглаан хийж байхдаа гартаа нэг ч зэвсэг барилгүй нийгмийн өөрчлөлт хийснийг хэлээд тэдний зэвсэг нь ердөө цаас, үзэг байсныг онцолсон шүү. Тэгэхээр тэр үзэг, цаасны хүчээр Монгол Улсад ардчилал, ардчилсан байгууламжууд цогцлон тогтсон байна. Энэ утгаараа танай улс дэлхийн бөмбөрцгийн энэ бүс нутагт маш онцгой байр суурьтай орон юм. Ардчиллын зарчмуудыг улс гүрэндээ төлөвшүүлж, хууль ёсыг дээдлэх тэр зарчмыг буй болгосноороо их амжилт гаргасан орон. Тэгэхээр монголчууд хүн ам цөөтэй, хоёр том гүрний дунд хавчуулагдсан улс орны хувьд ийм том амжилт гаргасанд Канад улс та нараар үнэхээр бахархдаг шүү. Одоо асуултуудад тань хариулья. Та бүхэн надад асуултаа урьдчилан ирүүлсэнд их баяртай байна. Манайд бол хэвлэлийнхнээс асуултыг нь эхлээд авна гэдэг төдийлөн хэвшсэн зүйл биш юм.

-Дөчин жилийн турш харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн манай хоёр орны хувьд энэ айлчлал шинэ шатны харилцааны өнгө аясыг нөхцөлдүүлэх учиртай байх. Та айлчлалын үр дүнд юу хүлээж байна вэ?

-Монгол Улс Канад төдийгүй дэлхий дахины бусад улс орнуудын хувьд ч чухал ач холбогдолтой улс юм. Дэлхий ертөнц тэр аяараа танай улс ардчилал болоод ардчилсан байгууламжийг төлөвшүүлэн хөгжүүлж яваад маш бишрэлтэй хандаж алга ташиж байгаа. Үүний зэрэгцээ ардчилал, эдийн засгийн хөгжлийнхөө зарчмаар ард, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх тэгш байдлыг нь хангах нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Тэгэхээр Канад улсын хувьд ардчилсан зарчим, хууль ёсыг төгөлдөршүүлэх, хөрөнгө оруулалтын зарчмаар ард иргэдийнхээ амьдрал, эдийн засгийн хөгжлөө нөхцөлдүүлж ирсэн үйл явцад чинь та бүхний найдвартай түнш болж ирсэндээ бахархалтай байдаг. Миний айлчлалын агуулгыг гурван сэдвийн хүрээнд ойлгож болно. Нэгдүгээрт, хөгжил цэцэглэлт, хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, гуравдугаарт, энх тайвныг бүрдүүлэх асуудал.

-Монгол орон танайхтай ойролцоо цаг агаар, уур амьсгалтай. Бас байгалийн баялаг ихтэй, хоёр том гүрний дунд оршдог гээд бидний төстэй талууд цөөнгүй. Тэр дундаа дэлхийн хамгийн хүйтэн нийслэлтэй орнууд. Бидэнд тулгардаг бэрхшээл сорилт ижил учраас харилцан солилцох туршлага олон бий гэсэн үг?

-Бид өвлийн улиралд дуртай ард түмэн. Мөн улирал солигдоход таатай хүлээж авдаг. Өвөл болоход манай гэр бүл болох таван охин, арван зээ маань бүгдээрээ тэшүүр цанаар гулгадаг уламжлалтай юм. Эхнэр бид хоёр Засгийн газрын байранд амьдардаг л даа. Манай байрнаас холгүй Хойд Америкийн хамгийн том хиймэл цөөрөм, бас хамгийн том суваг байдаг. Хөллөхийг нь хүлээж байгаад бид тэшүүрээр гулгадаг.  Манай гэр бүлийн үнэ цэнэ, үнэлэмж юу байдаг вэ гэхээр эрүүл биед эрүүл ухаан оршино гэдэг зарчим. Спортоор хамтдаа хичээллэж,  гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал, үнэ цэнийг хадгалдаг гэх үү дээ.

Канадын хөгжлийн хувьд ямар том сорилт байна вэ гэхээр, ялангуяа хоёр том хөршийн дунд оршдог газар зүйн байршлын талаас. Энд хоёр том сорилт байгаа нь нэгдүгээрт, боловсрол болоод шинэлэг арга барил. Шинэлэг арга барил гэдэг юу юм бэ гэхээр аливаа нэг шинэ техник технологийг нэвтрүүлэхдээ  байгаль орчинд ямар нөлөөтэй байгааг судалж үзэх. Байгальд ээлтэй технологи нь эргээд нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг өөрчлөлт авчирч байдаг гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Боловсролын тухайд гэвэл бид 100 жилийн турш боловсролын салбараа хөгжүүлэх чиглэлээр багагүй хүчин чармайлт гаргасны үр дүнд хүн бүрт хүртээмжтэй болгох, үүгээрээ дамжуулаад хүн бүрийн ур чадвар, авъяасыг хөгжүүлэх ёстойг ойлгосон. Энэ нь нийгэм, эдийн засгийн үнэт капиталыг бий болгодог чухал ач холбогдолтой. Манай хоёр орон боловсролын талаар нэг ижил үнэлэмж, ойлголттой гэж бодож байна. Монгол Улс хүн амынхаа боловсролын төвшинг дээшлүүлэхэд анхаарч ирсэн, тийм ч учраас олон арван жилийн турш бичиг үсэг тайлагдсан төвшнөөрөө дэлхийд толгой цохиж байсан орон. Тэр ч утгаараа хүн амын боловсролын төвшин дээшилснээр орон сууц, дэд бүтэц гээд нийгмийн чиглэлдээ багагүй амжилт, ахиц гаргаж, иргэдийн ажил амьдрал сайжирна гэсэн итгэлтэй  байна.

-Хоёр орон аль аль нь байгалийн баялгаар арвин. Канадын туршлагаас харахад эдийн засаг нь ганц уул уурхайдаа дулдуйдах биш бусад салбартаа ч сайн хөгжсөн байдаг. Энэ туршлагасаа бидэнд хуваалцахгүй юу?

-Байгалийн баялгийн тухай ярихад нь энэ баялаг нь танай ард түмний өмч юм. Аливаа хөрөнгө оруулагч танай оронд уул уурхай эрхлэхийг хүсч байгаа бол олборлосон эрдэс баялгийн үр шимийг ард түмний тусын тулд зориулж байх ёстой шүү гэдгийг ойлгох ёстой. Эрдэс баялгаа олборлох, үүндээ гадны хөрөнгө оруулагчийг татан оролцуулахыг зорьж байгаа бол хөрөнгө оруулалт, ашиглалт нь хууль хүндэтгэх зарчимд тулгуурласан байх ёстой шүү гэдгийг байнга санаж байх учиртай. Энд ямар зарчмууд үйлчлэх ёстой вэ гэхээр аливаа юмыг урьдчилан харж, тодорхой болгох ёстой, хоёрдугаарт нь ил тод байх ёстой. Гуравдугаарт нь мөн энэ салбарт хэрэгжүүлж байгаа бодлого зорилтууд чинь хөрөнгө оруулагчийн бодлого, зорилтуудтой нэг цэгт огтлолцож байх ёстой юм. Нэгэнт өнөө цагт уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ болоод дэлхийн зах зээл дээрх хөрөнгийн хэмжээ хомс байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулагчид нь ямар эрх зүйн орчинд хөрөнгөө оруулж байна вэ, бизнесийн орчин нь ямар байна вэ, урт хугацаанд ямар үр өгөөжтэй байх вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай болж байгаа юм. 

Уул уурхайн салбарын туршлага гэх юм бол Канад, Монголын үүх түүх бараг адилхан даа. Харин өнөөдөр дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 40 хувийг Канадын уул уурхай хийж байна. Уул уурхайн хувьд зөвхөн баялгийг олборлоод, олборлоод зогсохгүй уул уурхайгаа дэмжсэн бусад төрлийн бүхий л дэд бүтэц, салбар үйлчилгээнүүд нь цогц бүтээгдэхүүн юм аа гэдгийг ойлгож байх ёстой.

Үүний зэрэгцээгээр уул уурхайн салбар нь техник технологийн шинэчлэл болоод өрсөлдөх чадварыг бий болгохын зэрэгцээ тэр салбарт төдийгүй нийт эдийн засагт нэмүү өртөг бий болгодгоороо онцлог юм. Мөн сорилтуудын тухайд гэвэл уул уурхайн салбарт цорын ганц анхаарч байх зүйл гэвэл тогтвортой хөгжлийг нөхцөлдүүлж байх ёстой юм. Тогтвортой хөгжлийг нөхцөлдүүлнэ гэдэг маань байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулна, ингэснээр үр хүүхэд, ач зээ нартаа онгон байгалиа энэ хэвээр нь үлдээж, эцсийн дүндээ тухайн орон нутгийн хүн ардын эрүүл орших үндэс, эрүүл мэндийг хамгаалах асуудал юм.

-Таны намтраас харахад тамирчин, хуульч, эрдэмтэн, багш гээд олон салбарт ажиллаж ирсэн замналтай юм байна. Та өөрийнхөө талаар бидэнд ярьж өгөөч.

-Намайг улстөрч биш юм байна гэж та нар зөв хэлжээ. Улс төрийн ганц албан тушаал хашсан маань гэвэл 16 настайдаа ахлах ангид сурч байхдаа би оюутны холбооны дарга байсан юм. Тэрийг л улс төрийн алба гэх юм уу даа. Харин одоо улс төрд орсныг маань эхнэр хошигнож “нохой сургадаг хүн болох гээ юу” гэж хэлэх болсон. Энэ нь монголчуудын ойлголтоор бол эмнэг сургагч болох гээ юу гэж байгаатай адил л даа.

Би өөрийнхөө суралцаж, төгссөн сургуулийн орчиндоо их дуртай, сүүлийн хорин  жил сургуулийнхөө ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн юм. Миний гар хөл хөдөлж байгаа цагт би хуулийн шинжлэх ухааныхаа ажлыг үргэлжлүүлж, их сургууль, салбартаа амжилттай ажиллана гэсэн бодолтой явдаг. Тэгэхээр манай Ерөнхий сайдаас Амбан захирагчид нэр дэвшиж болох хүмүүсийн хороог байгуулж, тэр хорооноос надад санал тавьсан. Би эхнэртэйгээ зөвлөлдөөд энэ албыг нэр төртэйгээр хашья гэдэг шийдвэр гаргасан. Тэгэхээр та бүхэн намайг яаж Амбан захирагч болсон бэ гэж асуух юм бол надад зөвхөн аз завшаан таарсан хэрэг юм. КанадынАамбан захирагчийн хувьд гэхэд багахан жижиг сууринд би өссөн юм. Тэр нь Онтарио мужид оршдог Сабори гэдэг газраас 500 метрийн зайтай оршдог, цайрын уурхай байдаг газар. Тийм жижиг газар төрж өссөн би энэ зэрэгт хүрэхэд тус болсон хүмүүс гэвэл миний багш нар юм. Би олон арван сайн багш нарынхаа ачаар боловсролын салбарт багахан хувь нэмрээ оруулж, үүнийхээ үрээр Канадын Амбан захирагч болсон гэж боддог. Би гурван жилийн өмнө Амбан захирагчийн албанд тохоон томилогдсоныхоо дараа анхны илтгэлээ тавихдаа хоёр зүйлийг дурдсан юм. Миний илтгэлийн нэгдүгээр сэдэв  ухаалаг болоод бие биенээ энэрдэг улс үндэстний тухай байсан. Энэ дотор гурван ухагдахуун гарч ирсэн юм, нэгдүгээрт нь ухаалаг, хоёрт бие биеэ энэрч санаа тавьдаг, гуравт, ард түмэндээ үйлчилдэг гэсэн тэр зарчим гарч ирсэн. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр гурван багана дээр тулгуурлах ёстой. Нэгдүгээрт нь гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлж, үр хүүхдээ төлөвшүүлж бойжуулах, хоёрдугаарт, иргэд сурч мэдэх, шинэ арга барилд суралцах, гуравдугаарт, нийгэмдээ энэрэнгүй үйлс өрнүүлэж явуулах гэсэн гурван зарчмыг би ярьсан. Тэгээд эцэст нь хэлсэн ганц зүйл гэвэл “Та бүхэн багш нартаа шүтэн биширч явах ёстой юм шүү” гэдэг үг.

-Дараагийн асуулт. Канадын Квебек мужийн талаар тодруулах гэсэн юм. Тус муж одоог хүртэл салан тусгаарлах бодлого явуулж байгаа юу?

-Канад улс холбооны улсын зарчмаар оршин тогтнодог. Тийм болохоор хүн нэг бүрийн эрхийг дээдэлдэг. Квебекийн ард иргэдийн хувьд нийт хүн амын 25 хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн төр, Засгийн газраас тус мужийн өв соёл, хэл, үндэс угсаа, улс төрийн болоод бусад эрх, мэдлийг дээдлэн хүндэтгэдэг. Мөн 1867 оны Үндсэн хуулиар Квебек муж нь албан ёсны хэл нь франц, шашин шүтлэг Ромын католик, хууль эрх зүйн тогтолцооны хувьд Европын эх газрын хууль эрх зүйн тогтолцоотой байхаар тусгасан ийм муж юм. Засаг, захиргааны хувьд Квебек нь 40 хувийн цөөнхийн засаглалтай. Квебекийн засаг захиргааны хувьд салан тусгаарлах эрмэлзэл бүхий бодлого явуулдаг. Аливаа асуудлыг тодруулах тухай хуулийн заалт бий, уг заалтаар бол хэрэв тус мужийн хүн амын дийлэнх нь салан тусгаарлах бодлогыг дэмжих аваас энэ асуудал нь шийдэгдэх юм. Миний бодлоор бол ирээдүйд ийм салан тусгаарлах бодлого хэрэгжихгүй гэсэн бодолтой байгаа.

-Канадад тарвагыг дархан цаазалсан байдаг гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ, ямар нэг домог, шүтлэгтэй холбоотой юм уу?

-Канадад ямар домог байдаг вэ гэхээр. Хавар гуравдугаар сард тарвага ичээнээсээ гарч ирээд өөрийнхөө сүүдрийг харахгүй бол хавар их эрт болох нь ээ. Харин сүүдэр харагдаж байх юм бол хавар оройтох нь ээ гэж ярьдаг. Тэгэхээр канадчууд өөрсдийн өвөрмөц зан заншилтай байгаа биз. Газар тариалан эрхлэгчид ан амьтан, тарвагаараа цаг агаар, нөхцөл байдлаа сонждог байх нь. Гэхдээ үүнд шууд үнэмших хэрэггүй ээ. Бид үр тариагаа хэзээ тариалах вэ гэдэгт шинжлэх ухааны үндэстэй ханддаг юм шүү. /инээв/

-Сүүлчийн асуулт. Канадын зарим нэг овог аймаг, уугуул иргэд нь Монголоос гаралтай гэдэг үнэн үү?

-Та бүхэн энэ талаар зөв  ойлголттой байна. Үнэхээр ч манай хойд нутгаар оршин суудаг хүмүүсийн царайг харах юм бол та нартай их төстэй шүү. Өдгөөгөөс 5-15 мянган жилийн өмнө Оросын нутагт оршин сууж байсан зарим нэгэн омог үндэстнүүд Хойд Америк рүү нүүдэллэсэн байдаг. Тэр үед одоогийн тивүүд хоорондоо их ойрхон оршиж байсан байх магадлалтай.тэгэхээр бид тэр нутгийн иргэдээ Канадыг үндэслэгч уугуул нутгийн иргэд гэж үздэг юм. Сүүлийн жилүүдэд тэдний үүх түүх, гарал үүсэл, нэн ялангуяа хэлийг нь анхааран судалж байгаа. Тэдгээр уугуул иргэдийн омог, омгийнхон өөр өөрийн аялгатай хэлээр ярьдаг нь анхаарал татдаг. Тэр нөхцөл байдлыг нь сайтар судалж байгаа. Жишээлэх юм бол, хойд нутгийн уугуул иргэдийн нэг омгийг аваад үзэхэд 35 мянган хүн амтай хэрнээ хоорондоо 11 өөр хэлээр ярьж байдаг. Канад улс нийтдээ 35 сая хүн амтай, тэд нь албан ёсны хоёр хэлээр ярьдаг байхад хойд нутагт оршдог 35хан  мянган хүн амтай омгийнхон 11 төрлийн хэлээр ярьж байна гэдэг их сонин байгаа юм.

-Таныг цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Квебекийн асуудлыг сонирхсонд эмзэглээгүй биз ээ. Төрийн бодлогод эмзэг сэдэв гэдгийг мэдсэн хэрнээ асуучихлаа.

-Санаа зовох юмгүй. Бид ардчилсан орон учраас хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх замаар ажилладгийг л харуулж байгаа юм. Нэг зүйлийг нэмээд хэлэхэд Монгол Улсын амжилт дэлхийн нийтийн амжилтад шууд холбоотой юм шүү. Дэлхийн нийт та бүхнийг харж байгаа. Тийм болохоор гартаа санаачилгаа аваад итгэлтэй урагшаа давхиарай.

З.ОРГИЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж