Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

-Уучлаарай, хаалттай…

Амралтын өдрүүдээр гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрөөх газар хомсхон гэдгийг бид бүгдээрээ мэднэ л дээ. Баар, рестораны газруудыг эс тооцвол. Хөгшид хүүхдүүдээ салхилуулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн жилээс л олны анхаарлыг татах болж, нэг хэсэг таг хаалттай байсан Хүүхдийн парк өдгөө зун гэлтгүй өвөл ч янз бүрийн хөөрхөн арга хэмжээ зохион байгуулдаг болоод байгаа, бас ч гэж нэг үеэ бодвол. Тэгвэл амралтын өдрүүдэд нийслэлд музей ажилладаггүй юм байна. Ердөө л өчигдөр буюу ням гаригт чамгүй олон Байгалийн түүхийн музейн хаалгыг татаад урамгүйхэн буцаж харагдлаа. Одоогийн томчуудын дийлэнх нь багадаа энэ музейг үзэж, томоос том өрөөнд тавьсан динозравын яс /энэ зунжингаа түр музей буюу төв талбайд байрлуулсан алдарт Т-Батаарын яс биш шүү/-ыг алмайран ширтэж байсан дурсамжаа санадаг байлгүй. Магадгүй тэр үед голдуу сургууль, хамт олноор нь багш нар нь дагуулж музей үзүүлдэг ч байсан байх. Одоо ч гэсэн сургуулиас нь санаачилж, багш нар дагуулаад явчихдаг, нийслэл хоттой танилцуулах, музей үзүүлэх гэсэн “хөнгөхөн” төлбөртэй хөтөлбөрүүд байдаг юм билээ. Гэвч эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулаад ням гаригт музей үзүүлж, яг өөрсдөө тайлбарлаж өгнө гэдэг түүнээс илүү дурсамжтай сайхан байлгүй л яах вэ. Яаж ч бодсон бүгд л ажил, төрөлтэй хүмүүс амралтын өдрүүдээ л хүүхдээ дагуулж явна уу, гэхээс ажлын өдрүүдэд боломжгүй шүү дээ. Гэтэл эн түрүүнд ирж үздэг Байгалийн түүхийн музей. Одоо ч сайн мэдэхгүй байгаа эцэг, эхчүүдэд анхааруулахад энэ музей энэ зунжингаа буюу зургадугаар сараас хойш барилга нь шаардлага хангахгүй болсон гэсэн шалтгаанаар хаалттай байгаа. Цаашид засварлах эсэх нь ч нэлээд маргаантай байгаа болохоор ирэх жил ч нээгдэх эсэх нь эргэлзээтэй юм шиг байна лээ. 

Удтал хаалттай байгаа Байгалийн түүхийн музейгээс холгүй буюу Төрийн ордны баруун талд байдаг Үндэсний түүхийн музей энэ өдөр мөн л хаалттай байв.

Тайлбар нь музей өвлийн цагийн хуваарьт шилжсэн тул ням гаригт ажиллахгүй. Зуны цагт тус музей өдөр бүр  09.30-17.00 цаг хүртэл ажилладаг байсан бол өвөл цагийн хуваариар бол даваа, ням гаригт амардаг юм байна. Харамсалтай нь, хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд ийн ням гаригт ажилладаггүй болохыг нь мэдсэнгүй. Нэлээд олон гэр бүл хаалган дээр нь ирээд урамгүйхэн буцаж байлаа. Бүр “Ийм олон хүн хүүхдээ дагуулаад ирж байхад ажиллачихаж болдоггүй юм байх даа. Ер нь яаж бодохоороо хүмүүс амралтын өдрөөрөө л ирдэг музейг ням гаригт ажиллуулдаггүй байна аа” гэж гасалж байх. Манай аялал жуулчлалынхны бас нэг “сонгодог” ойлголтоор бол “Монголчууд өөрсдөө музей үздэггүй болохоор зөвхөн гадаадынханд л зориулж ажилладаг” гэдэг нь энэ юм болов уу?

Энэ удаад сануулахад, ням гаригт олон эцэг эх, хүүхдээ дагуулан музей үзэхээр ирээд хаалгыг нь татаад буцсан шүү, музейн дарга нар аа.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж