Эрчим хүчний хязгаарлалт хийхгүй гэж мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хязгаарлалт хийхгүй гэж мэдэгдлээ

Өвлийн ачааллын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй гэж мэдэгдлээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 28-ны өдөр болж зарим дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өвлийн бэлтгэл ажлын талаар холбогдох хүмүүсээс хариулт авлаа.

Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Багануур дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2013 оны төсөв танагдсантай холбоотойгоор оны эхний 9 сарын байдлаар 193 сая төгрөгийн өр үүссэнийг яаралтай шийдвэрлэхгүй бол хүндрэл үүсч болзошгүй байгаа” талаар мэдээллээ. Харин Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлага тулгараад байгааг дуулгасан юм. Мөн тус дүүргийн Нисэх, Яармагт цэцэрлэг барих хэрэгтэй байгаа боловч газар олдохгүй бэрхшээл байна. Дүүргийн боломжтой гэсэн газруудыг өмчлүүлж, эзэмшүүлсэн тул нөхөн олговор өгөх зарчмаар газар чөлөөлөх ажил хийх саналтай байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хэллээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногт иргэдээс 137 санал хүсэлт, гомдол, мэдээлэл ирүүлснээс холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 98 хувийг нь шийдвэрлэжээ. Нийт санал хүсэлтийн 22.6 хувийг орон сууцны халаалт, халуун устай холбоотой, 41.6 хувийг цахилгаан доголдсон асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 6 хувиар өссөн үзүүлэлттэй  байна. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Энэ өвөл багагүй хүйтрэх мэдээлэл байгаа. Цахилгаан, дулааны ямар нэгэн нэмэлт эх үүсвэр байхгүй ч ачаалал урьд жилүүдийнхээс илүү нэмэгдсэн. Тиймээс хүндрэл үүсч болзошгүй газрууд болон их ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийгдэх эсэх”-ийг холбогдох албаныхнаас тодрууллаа. Улаанбаатар Дулаан шугам сүлжээ ТӨХК-ийн дарга Р.Хайдав “Зарим хэсэгт дулааны доголдол үүсэх магадлал байгаа. Тухайлбал Хан-Уул дүүргийн 11, 15-р хороо Зайсангийн хэсэг бүхэлдээ, Баянзүрх дүүрэг бүхэлдээ 13, 15, 16-р хороолол, Баянгол дүүргийн Бичил хорооллуудад хүндрэл үүсч болзошгүй. Гэхдээ бид ямар нэгэн эрсдэл гаргахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ. Харин өвлийн ачааллын үеэр гэр хорооллын айлуудад эрчим хүчний хязгаарлалт хийхгүй, ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Цахилгаан, дулааны өдөр бүрийн горимын талаарх мэдээллийг холбогдох албаныхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн удирдлагуудад 7 хоног бүр мэдээлж байх. Онцгой нөхцөлд байдал үүсч болзошгүй тул бэлтгэлтэй байх”-ыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж