Төр хувийн хэвшлийн түншлэл шинэ төвшинд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

Төр хувийн хэвшлийн түншлэл шинэ төвшинд хүрлээ

Нийслэлийн засаг захиргааны байгууллагууд Хувийн хэвшлийн үйлчилгээ, шилдэг менежмент, техник технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд ашиглаж байна. Энэ ажил хэрэгжээд жилийн нүүр үзэж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнгөрөгч баасан гарагт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Мобиком Корпорацийн захирал Дэвид Холидэй нар хамтын ажиллагааныхаа 1 жилийн ойн баяраар хамтран ажиллах ‘’Санамж бичиг’’-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт тусгагдсанаар НЗДТГ, Мобиком Корпораци хамтран томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бөгөөд Азийн сан, Дэлхийн банк  зэрэг газруудтай хамтрахаар боллоо.

Эдгээрээс дурьдвал Замын хөдөлгөөний ачаалал түгжрэлийн талаарх мэдээг цаг тухайд иргэдэд мэдээлэх, Цэвэр агаар төсөл, бүрэн шаталттай зуухтай холбоотой бүх төрлийн лавлагааг өгөхөөс гадна гэр хорооллын хогны асуудлыг гар утасны технологи ашиглан цэвэрлэх зэрэг ажлууд багжээ.

Энэ удаагийн хамтын ажиллагаа анхных биш юм. Одоогоос 1 жилийн өмнө нийслэлийн иргэн таны санал хүсэлтийг хүлээн авах ‘’Улаанбаатар сонсож байна’’ лавлах үйлчилгээний төв ажиллаж эхэлсэн. Энэ төвийг Мобиком корпорацийн лавлах үйлчилгээний бааз, хүний нөөцийн туршлагад тулгуурлан байгуулсан бөгөөд Лавлах утасны үйлчилгээ нэвтэрсэнээр иргэдийн өргөдөл гомдол шийдвэрлэх нь явдал нээлттэй болж, иргэдийн хяналт сайжирсан байна. Нийслэлийн лавлах утас өнгөрсөн хугацаанд 100,589 иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч 90 орчим хувийг нь шийдвэрлээд байна. Мөн телемаркетингийн үйлчилгээг ашиглан 5 төрлийн судалгаа хийснээс Дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөн оролцох, 1-р эгнээгээр нийтийн тээвэр зорчих зэрэг сэдвүүд өнөөдөр ажил хэрэг болсон юм. Энэ бол иргэн таны оролцоотой хэрэгжсэн төр нь иргэндээ ойртсон  ажлын үр дүн.

Хамтын ажиллагаагаа шинэ төвшинд үзэглэсэн ёслолыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл дарга дараах байдлаар дүгнэсэн юм.

‘’Төр бол иргэдийг эзэрхийлэн захирах үйлчилгээний байгууллага бишээ. Төр бол иргэддээ үйлчилдэг, тэдний сайн зарц болох ёстой. Тийм ч учраас төр нь иргэндээ үйлчлэх бүтцийг сайжруулах, иргэдийнхээ саналыг шуурхай шийдвэрлэх зорилгоор өмнө нь бий болгосон туршлагадаа тулгуурлан цаашид Мобикомтой дахин хамтран ажиллах гэж байна. Ирэх жилээс бид Мобикомоос сурсан зүйлсээ илүү баталгаажуулж, Төрийн үйлчилгээг Мобикомын үйлчилгээтэй өрсөлдөхүуц хэмжээнд хүргэнэ гэж найдаж байна. Тэгэж чадвал дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг иргэддээ үзүүлэх болно’’ гэлээ.

Мобиком Корпорацийн захирал Дэвид Холидэй:

‘’Нийслэлийн лавлах үйлчилгээнд зориулж манай маш олон боловсон хүчин оролцож, техникийн болон технологийн шийдлүүдийг энэ үйлчилгээнд зориулан нэвтрүүлсэн. Бид цаашид гар утасны бизнес, тоног төхөөрөмжөө энэ чиглүүлж улам сайжруулна гэж найдаж байна. Энэ удаад төрийн үйлчилгээнд зориулсан шинэ апплейкешныг бүтээгээд байна. Энэ апплейкешн нэвтэрснээр иргэд хаанаас ч төрийн үйлчилгээний талаар санал хүсэлт, өргөдөл гомдлоо мессэж, утас, вэб сайтаар тавих боломжтой’’ гэлээ.

Талууд эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор ирэх долоо хоногт дахин уулзах бөгөөд уулзалтанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Мобиком Корпорацийн захирал Дэвид Холидэй болон Хотын захиргааныхан санал солилцохоор  тохиролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж