
Дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн амралтын өдөр алдарт Йохан Штраусын “Сарьсан Багваахай” хошин дуурь тайзнаа амиллаа. И.Штраусын хөгжим, К.Хафнер, Р.Генее нарын цомнол “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт оперетта нь анх 1847 онд тавигдсан бөгөөд өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогддог байна.
УГЗ, удирдаач Н.Туулайхүүгийн удирдлага дор тоглосон энэ опереттагийн гол Габриел Айзенштайнд- СТА Ч.Түмэндэмбэрэл, Розалиндад- УГЖ С.Мөнгөнцэцэг, Франкд- Э.Бумхүү, Орловский ханхүүд- Ц.Ариунаа, Альфредэд- Г.Шижирболд, Фалькд- СТА Ц.Баттөр, Блинд өмгөөлөгчид -Ц.Шагдарсүрэн, Адельд- СТА Ө.Уянга, Фрошд- Ч.Чинзориг, Иванд- О.Батбаатар нар тоглон, ДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдлөө.

Нэгдүгээр үзэгдэл эхлэхэд Габриель Айзенштейны тансаг орд харш харагдана. Дуурийн театрын тоглогдож буй бүтээлүүдийн тайз засалтын хувьд үнэхээр тансаг, тухайн үеийн баячуудын өнгө төрх, орд харшийн уран тансагийг илтгэн, үзэгчийн суудлаас догдлон бахархуулж байдгаараа гайхалтай сайхан. Гудамжнаас Гэрийн эзэгтэй Розалиндад сэтгэл алдарсан Альфредийн дуулах сонсогдоно. Энэ үеэр гэрийн үйлчлэгч Адель гарч ирэн түүнийг цонхоор хөөн явуулах ба үеэл эгч Идагаас ирсэн захиаг задлан уншина. Өмнө үзэж байсан дууриудаас “Сарьсан багваахай” хошин дуурь нь зөвхөн дуулалт хэлбэрээр бус драмчилсан тоглолт, хүүрнэл яриа орсон байсан нь сонирхлыг минь ихэд татсан. Адельд ирсэн захианд өнөө шөнө болох Оросын ван Орловскийн найранд хамтдаа очиж цэнгэхийг санал болгосон байдаг. Зарц бүсгүй эзэгтэйгээ ирэхээр хэрхэн арга чаргаа хэрэглэн, хууран чөлөө авахаа бодно. Гэрийн эзэгтэй Розалида гаднаас орж ирэн шинэхэн авсан даашинз, бүрхээ бахдан харах зуураа гэнэт Альфредын дуулахыг сонсон олон жилийн өмнө дууны багш залуу хэрхэн түүнд хайраа илчилж байсан одоо бас гэнэт хаанаас гарч ирэн гадаа нь дуулах болсныг бодон зогсоно . Эзэгтэй ирсэн чимээгээр Адель арга заль гарган уйлан хайлан өвчтэй нагац эгчийгээ эргээд ирье хэмээх чөлөө хүссэн ч Розалинда түүнд олон удаа хууртсан тул эрс татгалзана. Айзенштейн өмгөөлөгчийн хамтаар гэртээ ирэн, хулгайн ан хийсэн хэрэгтээ найм хоног шоронд хоригдох болсноо дуулгана. Өмгөөлөгчийн буруугаас тав хоног хоригдох байсан ял нь найм болсон гээд түүнтэй маргахад Розалида хоёр эрхмийг тайтгаруулан салган нөхөртэйгээ үлдэн, юуны учир хоригдох болсныг лавлан асуудаг. Айзенштейн эхнэртээ хулгайн ангынхаа тухай ярих гэж байж хамт зугаалсан Эмма хүүхний тухай дурсан дараа нь тэрхүү нэрийг нохойны нэр хүртэл болгон зохион тайлбарлаж хөглөдөг. Энэ үеэр гэрийн эзний дотны найз Фальк орж ирэн тэдний маргааныг санаандгүй байдлаар хурцатгадаг. Фальк болж буй учрыг гадарлан найзтайгаа нийлэн худлаа ярьж эхнэрийг нь аргалдаг. Тэрбээр Айзенштейнд өнөө орой болох Оросын ван Орловскийн найранд хамт явахыг ятгана. Айзенштейн эхнэрээ аргалаад найзынхаа хамт найранд явахаар болно. Альфредийг ирнэ гээд Розалинда сандрахдаа Адельд чөлөө өгөн явуулна. Альфред гэнэт орж ирэн гэрийн эзэгтэйд хайрын үг урсган, нөхрийг нь шоронд найм хоног суух болсныг нь далимдуулан гэрийн эзэн шиг загнан, дарс хундаглан, Айзенштейны гэрийн хувцасыг өмсөн Розалиндаг сандаргана. Энэ үеэр Айзенштейны араас ирсэн шоронгийн дарга Франк орж ирэхэд сандарсан тэд гэрийн эзэн хэмээн худлаа хэлэн нөхрийнхөө оронд Альфредийг барьж өгөн явуулдаг.

Хоёрдугаар үзэгдэл Оросын Орловский вангийн ордонд үргэлжилнэ. Бүх зүйлсээс уйдсан залуу хунтайж Орловскийд өнөө орой уйтгарыг нь сэргээх жүжгийн төлөвлөгөө боловсруулснаа Фальк мэдэгдэнэ. Вангийн ордонд найр эхэлжээ. Ганган хээнцэр, ихэс дээдэс дунд, гаднаас үеэлийнхээ захиаг аван эзэгтэйнхээ шинэхэн даашинзаар гоён танигдахааргүй хөөрхөн болсон зарц бүсгүй Адель орж ирнэ. Үеэл эгч Ида нь олны дунд биеэ хэрхэн авч явахыг заан Орловский ванд Аделийг Орос язгууртны охин Ольга хэмээн танилцуулна. Мөн энэ үеэр Айзенштейн ирэн найз Фальк нь түүнийг залуу хунтайжид Маркиз Ренард хэмээн танилцуулна. Энэ хооронд найрыг улам хөгжөөн, найзыгаа чадах гэсэн Фальк Розалиндаг найранд урьсан зурвас илгээж амжина. Айзенштейн Адельтай тааран мэл гайхахад Фальк, Орловский хоёр түүнийг Оросын өв залгамжлагч охин Ольга гэж итгүүлнэ. Учраа олохоо байсан Айзенштейн уучлал гуйна. Найранд бас нэгэн эрхэм нэрээ өөрчлөн Шаргрин хэмээх хуурамч нэрээр зочидтой танилцан цэнгэх нь шоронгийн дарга Франк ажээ. Фальк шоронгийн дарга Айзенштейнийг хооронд нь хуурамч нэрээр нь танилцуулан бөөн будлиан хутгана. Дарсанд согтсон Айзенштейн зочдод ноён Фалькийг өмнө нь багт наадмаас сарьсан багваахайн хувцастай нь яаж олны доог тохуу болгосон түүхээ ярина. Гэнэт баг зүүсэн Розалинда найранд гаднаас орж ирэх ба Фальк түүнийг Будапештээс ирсэн Унгарын хатан хаан Ева Мария Остерхази гэж танилцуулна. Зочдыг итгэлцэл төдийлөн сайн бус, дээр нь баг зүүснийг бодвол яав ч Унгар хүн биш гэж эргэлзэж байсан тул зочдын эргэлзээг тайлан Розалинда Унгар дуу дуулан олныг алмайруулдаг. Айзенштейн Унгарын хатан хаан хэмээн нэрийдсэн эхнэрийнхээ араас хөлөө хугартал гүйнэ. Нөхрийгөө хамаг авьяасаа гарган аяглаж байх хоорондуур Розалинда бүсгүйчүүдийг урхиндаа оруулдаг халаасны нандин цагийг нь салгаж чаддаг.
Гуравдугаар үзэгдэл шоронд үргэлжилнэ. Мөнхийн согтуу шоронгын хянагч Фрош мөнөөх л лонхоо эргүүлэн холхино. Айзенштейны оронд 13 тоотод хоригдсон Альфред дуулсаар байгаа нь түүнд ядаргаатай санагдан хашгирч хориод ч үл зогсоож чадна. Энэ үеэр халамцуу Франк найрнаас шууд ажил дээрээ ирнэ. Фрош даргадаа шоронгийн байдлыг илтгэн өөрийг нь согтуу байгааг анзаарсангүй хэмээн баярладаг. Гадаа хаалганы хонх дуугаран шоронгийн давчуу өрөөнд Адель Ида нар орж ирэн өөрсдийгөө илчлэн зарц бүсгүй хэмээн хэлдэг. Ахин хонх дуугарахад шоронгийн дарга сандран хянагчид хоёр бүсгүйг түр өрөөнд оруулахыг гуйхад Фрош ганц үлдсэн 12 дугаар камертаа оруулчихдаг. Гаднаас Айзенштейн орж ирэн шоронгийн даргийг хараад гайхдаг Тэрээр найран дээр хуурамч нэр хэрэглэж байснаа хэлэн хянагчаа дуудаж өөрийгөө жинхэнэ шоронгын дарга гэдгээ нотолдог. Айзенштейн ч мөн адил өөрийгөө илчлэн шоронд хоригдох ёстойгоо тайлбарлан хэлэхэд шоронгийн дарга Айзенштейнийг эхнэртэйгээ гэртээ байхад нь баривчлан ирсэн одоо хоригдож байгаа тухай хэлэн гайхшруулдаг. Гаднаас шоронгоос Айзенштейн дуудуулсан гээд өмгөөлөгч хүрч ирэн жинхэнэ Айзенштейныг харан цочирддог. Хэрэг явдал ээдрээтэй болсон учир Айзенштейн хүчээр өмгөөлөгчийн хувцасыг солин өмсөж хуурамч Айзенштейнээс мэдүүлэг авдаг. Альфред өөрийгөө Айзенштейн биш эхнэртэй нь цуг байж байтал шоронгын дарга орж ирэн арга буюу жүжиглэн ирсэн тухайгаа ярьж байтал гаднаас Розалинда орж ирэн хамтад нь байцаадаг. Болсон явдлыг цаашид тэвчин сонсох аргагүй болсон Айзенштейн багаа хуулан өөрийгөө хэлэхэд эхнэр Розалинда ч мөчөөгөө өгөхгүй хэрхэн ямар аргаар түүний цаг эхнэрийнх нь гарт орсныг үзүүлнэ. Фальк ирэн үйл явдалд олон гэрчийг урья гэснээр эргэн Орловский вангийн ордонд эргэн ирцгээнэ. Хэрэг бишдэн эхнэртээ баригдан халаасны цаг нь нотолгоо болсонд Айзенштейн олны өмнө эхнэрээсээ уучлал гуйн, сарьсан багваахайн амьдралаа үүрд орхихоо амлана. Халамцан хөгжсөн Орловский бүгдийг дахин урьж найраа үргэлжлүүлэхийг хүссэнээр дуурь өндөрлөнө.
Г.Даша