С.Баяр: МАН-ын дарга хэн ч сонгогдож болно

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

С.Баяр: МАН-ын дарга хэн ч сонгогдож болно

МАН-ын Их хурал үргэлжилж байна. Завсарлагааны үеэр сэтгүүлчид МАН-ын нөлөө бүхий лидер С.Баяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа УИХ-ын дэд дарга М.Энхболд нараас дараах асуултад хариулт авлаа.

-МАН-ын дарга Ө.Энхтүвшин Их хуралд тавьсан Улстөрийн илтгэлдээ өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагаанд алдаа их байсан тухай онцоллоо. Та санал нэгдэж байна уу?

-Ажил хийж байгаа хүн алдаа гаргахгүй байна гэж юу байх вэ. Гэхдээ сүүлийн сонгуулиадад МАН амжилт муутай оролцсон нь алдаа байгаа л гэсэн үг.

 -Энэ удаагийн Их хурлаар алдаагаа засч чадах болов уу?

-Хуралдаж байна. Дэнсэлдэг цаг нь ч, дэнсэлдэг газар нь ч мөн. Дэнслэх хэмжээний бүрэлдэхүүн ч Их хуралд цугларсан байна.

 -МАН-ын гишүүд, дэмжигчид Их хурлаар эрс шинэчлэгдсэн намыг харахыг хүсч байна?

-Шинэчэлье л гэж хуралдаж байна. Чадна л гэж цугларсан шүү дээ.  

-МАН-ын дарга хэн болох бол. Таныг нэрээ дэвшүүлж магадгүй гэх?

-Хуралдаж байна. Хэн ч МАН-ын даргаар сонгогдож болно. Өөрөө нэр дэвших, өрөөлийг нэр дэвшүүлэх гээд олон зүйл гарч ирэх байх. Миний хувьд намын дарга хийж үзсэн хүн. Нэг урсгалд хоёр орох ёсгүй гэдэг шиг би нэр дэвшихгүй.  Бусаддаа боломж олгоё. Хамгийн гол нь шударга өрсөлдөөн болоосой л гэж бодож байна.

Ц.Нямдорж: Ялагдах байдаг л үзэгдэл

-Өнгөрсөн сонгуулийн алдаа юу байв гэдгийг гишүүд олон талаас нь хэлэлцэж байна. Таны хувьдаа юу гэж үзэж байна вэ?

-Ганц сонгуульд ялагдах бол байдаг л үзэгдэл. Сонгуульд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг. Тэр өнцгөөс нь харвал шүүмжлэх сэдэв мөн. Харин нөгөө утгаараа энэ нь ямар ч шүүмжлэл дагуулах зүйл биш.

-Яагаад шүүмжлэл дагуулах асуудал биш гэж?

-Сонгуульд ялагдсан нам болгонд сонгуулийн дараа ийм нөхцөл үүсдэг. Ардчилсан намд ч үүсч л байсан, 1996 онд манай нам сонгуульд ялагдахад үүсч л байсан үзэгдэл шүү дээ.

-МАН-ын “Шинэчилье хороо”-ныхон Т.Аюурсайханыг намын даргад нэр дэвшүүллээ. Тэд намыг шинэчлэхэд залуусын оролцоо чухал гэж үзэж байгаа?

-Намыг сайжруулья, хариуцлагыг сайжруулья, улс орны нийгэм, эдийн засгийг дээшлүүлье гэж ярьж байгаа нь зөв. Гагцхүү энэ том үгийн цаана хувийн жижиг амбиц, албан тушаал халхлагдаж байгаа бол муу. Тийм зүйл битгий байгаасай. Тэр тусмаа намын удирдлагад өрсөлдөх залуус энэ намын удирдлагад хамаагүй санаархах зөв үү буруу юу, хэмжээ далайц нь хүрэх үү үгүй юу, цаг нь мөн үү үгүй юу гэдгийг маш сайн бодох хэрэгтэй.

 М.Энхболд: Сөрөг хүчний байр сууринаас ажиллана

-МАН-ын даргад та өрсөлдөнө. Удирдлагаар сонгогдсон тохиолдолд намдаа ямар шинэчлэл хийх вэ?

-Ирэх жилүүдэд бид сөрөг хүчний байр сууринаас ажиллана. Одоогийн эрх баригчдын авч хэрэгжүүлж буй шийдвэр, ажил, арга хэмжээнд ямар алдаа, оноо байгааг бид дүгнэж, санал бодлоо хэлж, шүүмжлэлтэй хандах ёстой. Энэ нь өөрөө ард түмний амьдралыг сайжруулах асуудалд чиглэсэн байх ёстой.  

-Тэгвэл Их хурлын дараа МАН-д ямар өөрчлөлт гарсан бол?

-МАН-ын үйл ажиллагаа эрчимжинэ. Улмаар манай намд итгэж байсан дэмжигчдийн итгэл улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Г.ДАРЬ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж